НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ажлын явцын тайлангаа танилцуулж асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргалаа.
Өнгөрсөн хугацаанд энэхүү ажлыг зохион байгуулах талаар санал, дүгнэлт судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс 12 удаагийн хуралдаан, 3 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 5 удаагийн 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалт, бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулсан гэв. Үр дүнд нь нийслэлийн төв цэгт орших барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулах талаар СХД, БЗД, СБД, ЧД, Налайх дүүргийн засаг дарга нарыг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал авсан байна. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг даргаас бусад дүүргийн засаг дарга нар хүлээн авах газар байхгүй тухайгаа илэрхийлжээ. Тиймээс Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркаас өөр газар барилгын материалын үйлдвэрүүдийг хүлээн авах боломжгүй болоод байгаа юм.
Иймд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шилжүүлэх НБМҮТП-ийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэл авто замын зам талбайг шинээр засаж сайжруулах, өргөтгөлийн ажлыг хийх мөнгөн хөрөнгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа Тэргүүлэгчдэд танилцуулав.
НИТХ–ын Тэргүүлэгчид энэ асуудлыг дэмжиж ирэх сарын 3-ны дотор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг тус мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулахыг даалгалаа.
НИТХ–ын дарга С.Амарсайхан “Аудитын газрын дүгнэлт тааруу байгаа нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлага дорой, чадвар сул байна гэдгийг харуулж байна. Тийм учраас энэ чиглэл дээр холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэх хэрэгтэй. Ингэснээр ирэх онд нийслэлийн харьяа шат шатны байгууллагуудын санхүүгийн сахилга батыг онцгой дээшлүүлнэ. Энэ санхүүгийн асуудал үнэхээр задгай явж байгаа. Тиймээс санхүүгийн алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх, шаардлагатай бол зарим зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх ажлыг зохион байгуул” гэж үүрэгдэв.
Хурлын төгсгөлд НИТХ–ын төлөөлөгч, хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Тэргүүлэгчдийн хуралдаанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудал өргөн барьж Тэргүүлэгчид дэмжсэнээр хурал өндөрлөлөө.
НИТХ-ын ОНХХ