Монгол хатдын өргөө цогцолборыг жилдээ 2000-3000 гаруй жуулчид ирж үздэг

Богд хааны ордон музейд “Монгол Хатад” эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музей, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЗДТГ, ИТХ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ажлын алба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шинжлэх Ухааны доктор, профессор С.Дулам “Эмгэнэлт түүхийн эзэн Өлзийт Хун Гоо Бэйжийн түүх домог”, Шинжлэх Ухааны доктор, профессор Л.Батчулуун “Эх дагина Дондогдулам, түүний дүрийн асуудалд”, Доктор, профессор О.Сүхбаатар “Чингис хааны дөрвөн хатны ордны тухай зарим мэдээ”,Богд хааны ордон музейн захирал О. Мэндсайхан “Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Эх дагина Дондогдуламын цуглуулга өв” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

“Монгол Хатад”эрдэм шинжилгээний хурал үе үеийн Монгол Хатдын өрх гэрээ төвхнүүлж, төр улсаа төвшитгөх үйл хэрэгт зохих хувь нэмрээ оруулж явсан түүхэн уламжлалаас суралцах түүнийг сэргээх зорилготой ажээ.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр“Монгол хатад эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музей, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна. Хэнтий аймагт Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдсэн олон дурсгалт түүхэн газар бий. Энд түшиглэсэн аялал жуулчлалын сүлжээ парк төслийг Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд санаачлан хэрэгжүүлээд явж байна. Баян-Адарга сум Дондогдулам, Гэнэнпил хатдын өлгий нутаг учраас аялал жуулчлалын бүсийг тогтоохоос гадна, хатдын түүхийг судлахаар ажиллаж байна” гэлээ.

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хувьд Хүннүгийн булш, Дуурлиг нарс гээд түүхэн дурсгалт газруудаас гадна Богд хааны сүүлчийн хатад болох Дондогдулам, Гэнэнпил нарын өлгий нутаг аж.

Тиймээс Монголын түүхэнд гавьяа байгуулж, нэр алдраа дурсгасан 10 хатдыг алдаршуулах үүднээс Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Монголын хатдын өргөө цогцолборыг 2011онд байгуулжээ.

Энэ үеэр Монголын хатдын өргөө цогцолбор ТББ-ын гүйцэтгэх захирал М.Чимгээтэй цөөн хором ярилцлаа.

-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын түүхэнд гавьяа байгуулсан хатдын өргөөг байгуулсан байна. Монголын хатдын өргөө цогцолборт нийт хэчнээн хатны өргөө сүндэрлэсэн байгаа вэ?

-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын хатдын өргөө цогцолбор байгуулсан нь их учиртай. Богд хааны сүүлчийн хатад болох Дондогдулам, Гэнэнпил хатад тус суманд мэндэлсэн. Эх орон, ард түмнийхээ төлөө өөрсдийн амь биеэ золиосолж, баатарлаг гавьяа байгуулсан Дөргөн хатан, Сорхогтани бэхи, Бөртэ үжин, Өүлэн эх, Алунгуа эх, Мандухай сэцэн хатан, Ханджамц хатан, Ану хатан, Дондогдулам хатан, Гэнэнпил зэрэг хатдыг алдаршуулж зорилгоор Монголын хатдын өргөө цогцолборыг байгуулсан.

-Баян-Адарга суманд Монголын хатдын өргөө цогцолбор байгуулагдсанаар Хэнтий аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа байх?

-Монголын хатдын өргөө цогцолборыг жилдээ 2000-3000 гаруй гадаад дотоодын жуулчид ирж үздэг. Цогцолборын төв барилгыг хатан хүний ухааны дээд, мандах төрийн малгай гэгддэг богтаг малгайн хэлбэрээр 4 цагаан суварга, 9 цагаан гэртэй бий болсон байгаа. Цаашдаа Дондогдулам хатны түүхийг иргэд олон нийтэд илүү таниулах, Дондогдулам хатны хөргийг лааны тосон баримлаар бүтээх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …