Хонгконг хотод 2018 оны зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 2-нд Олон улсын гандболын холбооны цомын төлөө тэмцээн “Каулун” спорт цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнийг Олон улсын гандболын холбоо (ОУГХ), Азийн гандболын холбоо (АГХ), Хонгконгийн гандболын холбоод хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд Зүүн Азийн бүсийн гандболын спорт хөгжиж байгаа БНАСАУ, Хятадын Тайвань, Хонгконг, Макао, Вьетнам, Монгол зэрэг зургаан орны өсвөрийн U18 болон залуучуудын U20 насны ангиллаар нийт 12 багийн 300 тамирчид хүрэлцэн ирж оролцлоо. Монголоос 2 насны ангилалд 28 тамирчин, 4 дасгалжуулагч, 2 албаны хүн нийтдээ 34 төлөөлөгчид оролцлоо.
Монголын өсвөрийн U18 болон залуучуудын U20 насны тамирчдыг 2017, 2018 онд болсон өсвөр, залуучууд, оюутны болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс сонгон шалгаруулсан билээ.
Тэмцээний 2 насны ангилалд оролцсон зургаан орны багууд тойргийн журмаар тоглож аваргуудаа тодруулсан билээ. Тэмцээний эхний хоёр өдөр Монголын багууд энэ тэмцээний аваргаар шалгарсан Хятадын Тайвань болон 2016 оны аварга баг БНАСАУ-ын хүчтэй шигшээ багуудтай сугалаа таарч,хүнд тоглолтууд хийж Монгол Улсын U18 баг Хятадын Тайваньд 11:41, БНАСАУ-д 22:38-аар оноогоор хожигдсон бол U20 баг Хятадын Тайваны шигшээ багт 22:35, БНАСАУ-ын багт 31:43-аар тус тус ялагдсан.
Тэмцээний 3 дах өдрийн тоглолтонд Монголын U18 баг Вьетнам Улсын шигшээ багийг 34:19-оор, U20 баг нь Макаогийн багийг 36:28–аар тус тус хожсон билээ. Энэхүү цомын төлөө тэмцээний 4 дахь өдөр U18 баг Макао багийг 33:27-оор хожсон бол U20 Вьетнамын багтай 25:25–аар тэнцэж оноо хуваасан юм. Тус тэмцээний сүүлийн өдрийн тоглолтыг Монголын хоёр баг тэмцээний эзэн орон Хонгконгын багтай хийж Монголын U18 баг 28:28-оор тэнцэж харин U20 баг 27:30-оор гуравхан онооны зөрүүтэй хожигдсон юм.
Ийнхүү тойргийн тэмцээний нэгдсэн дүнгээр Монголын өсвөрийн U18 болон залуучуудын U20 насны баг тамирчид нь анх удаагаа Олон улсын гандболын холбооны цомын төлөө тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Монголын улсын гандболын өсвөрийн шигшээ U18 баг нийт 5 оноогоор 3-р байр эзлэж, шилдэг тоглогчоор Б.Шинэбаяр шалгарсан бол залуучуудын шигшээ U20 багийн тамирчид нийт 3 оноогоор мөн гуравдугаар байр эзэлж шилдэг тоглогчоор М.Балжиням тодорлоо. Олон улсын тэмцээний 2 насны ангилал тус бүрт Хятадын Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд эхний байруудыг эзэлсэн юм.
Монгол Улсын гандболын өсвөрийн шигшээ багийг дасгалжуулагч В. Цагаанбилэг, А.Доржханд нар удирдан, тамирчнаар Б.Шинэбар, Н.Сүхбат, Э. Доржбат, Г.Билгүүнтөгс, А.Чинзориг, Б.Шинэбаяр, Б.Тэмүүжин, Б.Энх-Эрдэнэ, М.Сүхбат, Г.Билгүүтэй, М. Бат-Эрдэнэ, Б.Ганзул, Б.Тэмүүлэн, Ө.Мөнхтөгөлдөр нар орсон.
Харин залуучуудын шигшээ багаас Монгол Улсаа төлөөлөн Г.Лхагвацэнд, Х.Батжаргал, Б.Баясгалан, Б.Шинэбат, О.Болд-Эрдэнэ, У.Баатарсүх, С.Батхуяг, Б.Баяртулга, П.Алтансоёмбо, Э.Батначин, Т.Дашжамц, Б.Сод-Эрдэнэ, А.Хуягбаатар, М.Балжиням нар дасгалжуулагчаар С.Нямдорж, Б.Баяржаргал нар болон багийн ахлагчаар МГХ-ны Гүйцэтгэх захирал Д.Энэбиш нар оролцсон юм.
Энэхүү тэмцээнийг залгуулаад Хонгконг улсад зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны долоодугаар сарын 3-8-нд явагдах бөгөөд Монголын залуучуудын баг тус тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор болж, өсвөрийн баг нь эх орондоо хүрэлцэн ирээд байна.
Ийнхүү Монгол улсын тамирчид гандболын спортын түүхэнд анх удаагаа олон улсын гандболын холбооны албан ёсны тэмцээнээс эх орондоо хүрэл медальтай хүрэлцэн ирлээ. Монголын гандболын холбоо 2001 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнүүдэд баг тамирчдаа оролцуулж байсан ч хараахан медаль хүртэж чадаагүй байсан юм. Баг тамирчдадаа баяр хүргье.
Мөн тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагч, шүүгч нарын сургалтыг ОУГХ, АГХ-ны сургагч багш БНСУ-ын иргэн Чой Сэк Жун, Норвегийн иргэн Антонсен Тэрже, Бахрейн улсын иргэн Набеел Таха нар удирдан явуулсан юм. Дасгалжуулагч нарын сургалтанд Монголын дасгалжуулагч В.Цагаанбилэг, А. Доржханд, С.Нямдорж, Б.Баяржаргал нарын 4 хүн оролцож, олон улсын дасгалжуулагчийн сертификат хүлээн авлаа.