УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийлээ.
Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ гаргажээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг тогтоолын хүрээнд манай улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлээд байгаа. Цаашид төсвийн алдагдал багасан, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр төсвийн орлого нэмэгдэх юм бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэн хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бий гэсэн юм.
Харин банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байна. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан гэлээ. Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн аж. Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга онцлон, дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улс анх удаа мөнгөний бодлогодоо зээлийн хүү бууруулах асуудлыг тусган, зээлийн хүү бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм.
2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсож, цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Иргэдийн дунд цалингийн, малчны, тэтгэврийн болон ипотекийн зээлийн хүү буурах хүлээлт их байгааг тэрбээр дурдаад “Зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бий гэж бид харж байна. Монголбанкны дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм бол 2018 онд арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий гэж харж байна” гэсэн. Орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, зээлийн тогтолцоог иргэдэд дэмжлэг болох хувилбараар өөрчлөх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурал тодорхой ажлуудыг хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдээллийн үеэр дуулгав. Орон сууцны зээл авсан иргэд зээлийн төлбөрөө төлөөд байхад үндсэн зээлээс маш бага дүнгээр хасагдан, хүүгийн төлбөрийн дарамтад ордог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн бөгөөд нэн тэргүүнд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 5 пунктээр бууруулах боломж бүрдсэн байна. Ингэснээр иргэд 25 хувийн урьдчилгаа төлж орон сууцны зээлд хамрагдах бололцоо бүрдээд байгаа юм. Түүнчлэн өрхийн орлогын ихэнхийг ипотекийн зээлийн төлбөрт зарцуулдаг байсныг өөрчилж, өрхийн орлогын 40 хүртэл хувийг ипотекийн зээлийн төлбөрт төлөх, үлдэж буй мөнгөө хуримтлал хэлбэрээр өрхийнхөө амьжиргааг дэмжих, дээшлүүлэх чиглэлээр ашиглах боломж бүрдсэн байна.
Банк, санхүүгийн зах зээл дэх Засгийн газрын оролцоог багасгах арга хэмжээ авсны үр дүнд иргэд орон сууцны зээл, аж ахуйн нэгжүүд бизнесийн зээл авах бололцоо нэмэгдэж буй ач холбогдолтой талаар мөн тэрбээр мэдээлэл өгсөн юм. Өмнөх Засгийн газрууд маш өндөр хүүтэйгээр буюу жилийн 15-16 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаас их хэмжээний зээл авдаг байсан. Засгийн газрын энэ төрлийн зээлийн хэмжээн 4 их наяд төгрөгт хүрээд байжээ. Энэ байдлыг өөрчилсөн бөгөөд үүний үр дүнд дээрх хэмжээний зээлийг арилжааны банкууп иргэдэд ипотек, аж ахуйн нэжгүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлээр олгох нөхцөл бүрджээ.
Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан улсын бүртгэлийн багц хуулийн талаар мөн Улсын Их Хурлын дэд дарга онцлон танилцуулав. Төрөөс бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд сурталтай, төвөг чирэгдэл ихтэй, төр өөрт буй мэдээллээ иргэдээс дахин шаарддаг байсныг дээрх багц хууль баталснаар өөрчилж байгаа аж. Тодруулбал, иргэдэд шуурхай, хүнд сурталгүйгээр төрийн бүртгэлийн үйлчилгээг хүргэх эрх зүйн орчин бүрдсэн байна.
2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Иргэдэд газар олгох хугацаа дууссан байсныг сунгах шийдвэрийг Улсын Их Хурал дээрх хуулийн хүрээнд гаргаж, үүний үр дүнд газраа хувьчилж авч амжаагүй, газар эзэмших эрхээ авч чадаагүй иргэд газар эзэмших, ашиглах болому хууль эрх зүйн хүрээнд нээгдэж байгаа ач холбогдолтой юм байна.
Мөн тэрээр 60 гаруй мянган багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар онцоллоо. Хууль батлагдсанаар багш нарын цалингийн тогтолцоо өөрчлөгдөж, үйл ажиллагааны үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих аж. Мөн сургууль бүр хувьсах зардлынхаа 2 хувийг багш нарын хөгжилд зарцуулах зохицуулалт хуульчлагджээ. Монгол Улс анх удаа бага ангийн багш нарт туслах багшийн орон тоог бий болгох эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн юм. Түүнчлэн багшийн мэргэжил эзэмшсэн хүмүүс дахин сургууль төгсөж байж багшлах эрх авдаг байсныг өөрчилсөн гэдгийг хэллээ. Багш нар 5-10 жил ажилласан тохиолдолд зэрэг, дэв нэмдэг байсныг хуулиар өөрчилж, чадварлаг, үр дүнтэй ажилласан багшийг ажилласан жилээс үл хамааран зэрэг, дэв нэмэх бололцоо бүрдүүлсэн байна.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын хянан шалгах эрхийг хэрэгжүүлэх 15 ажлын хэсэг ажиллажээ. Давхардсан тоогоор УИХ-ын 101 гишүүн ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орсон байна. УИХ-ын даргын захирамжаар тав, Байнгын хороодын тогтоолоор 10 ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ахалсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн талаар дурдаж, тодорхой санал дүгнэлтийг танилцуулахаар ажиллаж байгаа гэнэ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг Оюу толгойн хөрөнгө оруулалтуудын гэрээтэй танилцаж, тус компанийн үйл ажиллагаа Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу явагдаж буй эсэх, дэд бүтцийн өртгүүд нэмэгдэж буй шалтгаан, уул уурхай болон байгаль орчны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, дүнтэй танилцжээ.
Мэдээллийн төгсгөлд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэлгэрэнгүй танилцуулав.
Тэрээр “Энэ чуулганаар хэлэлцсэн гол нэг асуудал бол ард иргэдийн төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Намрын ээлжит чуулган шинэ дэгээр хуралдана. Тодруулбал, УИХ-ын гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болж байна. Мөн бусад гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халж байна. УИХ-ын гишүүд хурууны хээгээр Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болж байгаа юм” гэлээ.