Өнгөрсөн лхагва гарагт Пхеньянд Умард болон Өмнөд Солонгосын холимог бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг тамирчдын нөхөрсөг тоглолт боллоо. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.Тоглолтод “Хөгжил цэцэглэлт” баг 103:102 онооны харьцаагаар “Энх тайван” багийг хожсон байна.“Өмнөд болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн тэмцээн нь хоёр улсын спортын салбарын солилцоог урагш ахиулж, өргөжүүлэх, түүнчлэн хоёр улсын ард иргэдийн эвлэрэн, нэгдэх үйл хэрэгт томоохон хувь нэмрээ оруулж байна” гэж Өмнөд Солонгосын Улс үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн хэлсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж тоглолтод хүрэлцэн иржээ. Энэхүү тоглолт нь энэ сарын 4-5-нд хийхээр товлосон Өмнөд болон Умард Солонгосын эрэгтэй болон эмэгтэй баг тамирчдын цуврал 4 нөхөрсөг тоглолтын эхний тоглолт аж.