Гэмтлийн эмнэлгийн тендерийн хороог шалгавал яасан юм бэ
Өнгөрсөн долоо хоногт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар шинэхэн томилогдсон дарга Ч.Энхбаярыгаа эсэргүүцэн ажил хаяж шуугиан тариад авсан.
Хамгийн гол нь тус эмнэлгийн архагууд буюу хууччуул нь Ц.Энхбаярыг эмнэлгийн дарга болох ёсгүй хэмээн үзэж байгаа.
Тодруулбал тус эмнэлгийн экс дарга С.Отгонгэрэл өөрийн хүрээний хүмүүсээ Ц.Энхбаярын эсрэг турхирч ажил хаялт зохион байгуулсан аж.
Ингэхгүй бол эмнэлгийн шинэ дарга ажлаа хүлээж авсан тохиолдолд энд явагддаг хууль бус бизнесүүд зогсох учраас тэр гэнэ.
Үүнээс болж Ц.Энхбаярыг эсэргүүцэж байсныг хэд хэдэн эх сурвалж хэлж байна.
Тэд гэмтлийн эмнэлгийн даргад өрсөлдсөн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс нь С.Отгонгэрэлийн баруун гар гэдгийг нотлоод байгаа. Тэрбээр эм эмнэлгийн худалдан авах тендерийг хариуцдаг байсан нэгэн юм байна.
Ингэхдээ жил болгон ямар нэгэн тендер шалгаруулалгүйгээр зөвхөн өөрийн хувийн компаниасаа эмнэлэгт хэрэгцээтэй гэсэн бүхий л зүйлийг нийлүүлсээр иржээ. Б.Баттөгс 2009 онд “Orthopaedic Implants” хэмээх нэртэй багаж хэрэгсэл болон протез ханган нийлүүлэх хувийн эмийн сан компанийг байгуулж өдгөө ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ.
Өөрийн компаниараа дамжуулан мэс засалд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгслүүдийг ч нийлүүлж байсан байна.
Түүний нийлүүлж байсан хэрэгслээс цухас дурдахад: Ясны хугарлын спиз, ясны татлага, тархины мэс заслын имплант, нурууны мэс заслын пластик шураг, мэс заслын гадна бэхэлгээ зэрэг эмнэлэгт нэн шаардлагатай гэсэн дээрх зүйлүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалаа ашиглан нийлүүлж байжээ. Энэ үйлдэл нь түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн байсан гэдгийг эмнэлэгийн ихэнх ажилчид батлан хэлж байсан юм.
Энэ бүхнийг эсэргүүцсэн хэсэг эмч ажилчид нь түүнийг “Ашиг сонирхолын зөрчилтэй” хэмээн АТГ-т шалгуулахаар өгсөн байдаг. Энэ мэтээр тус эмнлэгт ажиллаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эмнэлэгт тендер зарласан нэрээр зөвхөн өөрсдийн хувийн бизнесээ явуулж халаасаа түнтийлгэж байсан аж.
Тиймээс л тэд ийнхүү өөрсдийн ашиг хонжоогоо харж Ц.Энхбаярыг дарга болгохгүй гэж улайран тэмцсэн гэдгийг эмнэлгийнхэн хэлж байна. Түүнчлэн тэд өөрсдийн ашиг сонирхлоо гүйцэдүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж явсан зарим нэгэн эмч сувилагч нарыг энэ бусармаг ажилдаа татан оролцуулсныг ажил хаялт зарласан хэсэг сувилагч ярьж байсан юм.
Энэ бүхнээс харахад аливаа байгууллагад тодорхой албан тушаалд хэт удаан суусан нөхөд өөрсдийн хувийн бизнесээ өргөжүүлэх гэж улайрч байдгийн нэг жишээг тус эмнэлэгт болсон үйл явдал харууллаа.
Бидний олж авсан мэдээллээр бол хуучин дарга нарынх нь “но” илрэх гээд байгаа тул шинэ даргыг амь тавих шахам эсэргүүцэж байгаа бололтой.
Түүнчлэн өдгөө тус эмэнэлгийн эргэн тойрон дахь газар өнөөдөр хэний гараар орсноос болж өндөр өндөр барилгууд боссоныг ч шалгах хэрэгтэй гэдгийг ч ажилчид нь хэлж байна.
Тус эмнэлгийн хуучин удирдлагууд эмнэлгийнхээ төлөө биш өөрсдийн ашиг сонирхолын үүднээс ийнхүү ажилчдаа турхирах болсон нь Эрүүл мэндийн салбарт амь бөхтэй оршиж байгаа нэгэн дутагдал гэдгийг нотоллоо.
Энэхүү асуудал хуулийнхны хараанд өртөхгүй байх учиргүй бөгөөд ГССҮТ-ийн тендерийн хороог шалгаж эмч ажилчдын хэлж ярьсан зүйл нь хэр үнэний ортой эсэхийг нягтлах нь мэдээж.