Сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан их хотын иргэд өвлийн бэлтгэлээ базаалж эхэллээ. Жилийн жилд л үнэ ханш нь хүйтний эрчийг даган нэмэгддэг түлээ нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар нэг фортер нүүрс 200.000 мянгаас буухгүй байна.
Өнөөдөр өглөө “Хангай зах” дээр фортерийн өндөрлөөгүй нэг тэвш налайхын нүүрс 220-250 мянгын хооронд, харин өндөрлөгөөтэй найлахын нүүрс 280 мянгаас, Багануурын нүүрс өндөрлөгөөгүй фортерийн нэг тэвш нь 210 мянга өндөрлөгөөтэй нь 250-280 мянга байлаа. Мөн нүүрсний үнэ нунтаг хог шороотой эсэх хийгээд фортер дээр хэр өндөрлөгөөтэй ачигдсанаасаа хамааран үнийн зөрүүтэй арилжаалагдаж байсан юм. Үүнээс гадна нүүрсний ченжүүд энэхүү үндсэн үнээсээ жаахан ярих ба хаана хүргүүлэхээс хамааран 5-10 мянган төгрөг буулгаж өгнө гэж байлаа.
Харин шуудайгаар худалдаалагдаж буй нүүрсний хувьд улсаас тогтоож өгсөн 30кг шар шуудайтай налайхын нүүр 3000 төгрөг байхад, 50кг шуудайтай багануурын нүүрс 4000 төгрөгийн ханштай худалдаадагдаж байна.
Харин эндээс нүүрс бөөндөж авсан жижиглэнгийн худалдаачид буюу замын хажуу, автобусны буудал дээр дамлан зардаг иргэд 500-1000 төгрөг нэмэн зарж байгаа юм байна. Тухайлбал, 30кг налайхын нүүрсийг 3500-гаар, 50кг багануурын нүүрсийг 4800 гэхчилэн худалдаалдаг ба хүйтэрч эрэлт ихэсвэл тэр дариуд л 1000-1500 төгрөг нэмж зардаг ажээ.
Үүний дээр нэг метр куб модны үнэ ханш 100.000 төгрөг болсон ба ойролцоогоор хэрэглэгчдэд 24 ширхэг хөрөөдсөн дугуй мод ирдэг гэнэ.
Харин 50кг шуудайтай хар мод 7000-6000 хооронд нарс нь 4800-6000-ын хооронд байлаа. Харин 5кг-ийн багтаамжтай болов уу гэмээр жижигхэн шуудайтай мод 1300-1800 төгрөгний хороонд худалдаалагдаж байлаа. Энэхүү “шуудай” гэж хэлэхээс ч ичмээр ууттай модоор томхон шиг зуухтай айл галаа асаахад ч хүрхээргүй харагдаж байсан юм.
-Хангай зах дээр мод нүүрсний худалдаа хийж буй худалдаачнаас энэхүү уутыг хаана хийдэг, хэн гэгч хэмжээг нь тогтоон оёж авчирч өгдөг болохыг асуухад.
-Ах эгч нар нь энийг чинь оёдоггүй юм. Энийг чинь цаанаасаа яг нэг хэмжээгээр Хятадууд хийдэг байхгүй юу.
– Бид нар шуудай авах болохоороо утасдаад авчруулдаг. Заримдаа өөрсдөө шуудайгаа авчирч бөөнддөг юм гэлээ.
Ингээд харахад Монголын олон өрх айлуудын түлэх түлээ нүүрсний хэмжээг Хятадууд зааж өгч байдаг юм байна.
Мод нүүрсний шуудай жижгэрч, үнэ өсхөд урд хормойгоороо хойдхоо нөхөж яваа ард түмэнд маш хүнд дарамт болдог билээ. Харин өчигдөр МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний үнэ ханш өссөнийг бууруулахын тулд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсоныг мэдэгдсэн билээ.
Төслийн хүрээнд өнгөрсөн оны 11-р сараас иргэдэд Багануурын нүүрс нэг тн нь 80 мянган төгрөгөөр очиж эхэлснээс зах зээлд дэх нүүрсний үнэ 100-120 мянган төгрөгөөр хямдарсан юм. Энэ жил төслийн хүрээнд “Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөгөөр очих гэнэ. Ийнхүү зах зээлд хямд нүүрс очсоноор нүүрсний үнэ ханш буух нь гарцаагүй юм.
Өнгөрсөн жил ийм зохион байгуулалттайгаар Багануурын уурхай иргэдэд 95 мянган тн нүүрс хүргэсэн бол энэ өвөл 200 мянга гаруй тн нүүрс түгээхээр бэлтгэжээ. Энэ жил Багануурын уурхай нөөцөө сайн бэлтгэсэн бөгөөд 700 мянга гаруй тн-ын нөөцтэй байгаа гэдгээ ерөнхий сайдад мэдсэн байна.
Цаашдаа нүүрсний үнэ буурах юм байна. Харин модны үнэ өсөх төлөвтэй байна.
О.Наранцацралт