Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 4-нд баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг албаныхан хүлээн авчээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна. Үүний 24 хувь нь тав хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болжээ. Эдгээр иргэдийн 45.6 хувь нь эрэгтэйчүүд, 54.4 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар албаныхан мэдээллээ. Насны ангиллын хувьд нийт бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд, 60 хувь нь 40-55 насны иргэд, 12.5 хувь нь 55-аас дээш насны иргэд байжээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх иргэдийн нийт 31.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх тооцоо гарсан байна.
Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож, нөхөн төлсөнд тооцох ажээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль халамжийн гэж хавтгайрах ёсгүй учраас тэр жилүүдэд ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэхийн тулд бичиг баримт бүрдүүлэхэд ч уян хатан хандсан тухай албаныхан хэлдэг. Тухайлбал, 1990-2000 онд 18 болон түүнээс дээш насанд хүрсэн байх, тухайн үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байх, хорих ял эдлээгүй байх зэрэг шаардлага тавьж, 2013 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл иргэдийн материалыг хүлээн авсан байна. Хамгийн гол нь хөдөлмөрөө баталгаажуулж, тэтгэврээ тооцуулахын тулд тухайн жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг гэрчлэх баримтыг чухалчилж байсан. Жишээ нь, хуульд заасан хугацаанд ажиллаж байсан үйлдвэр, байгууллага нь дампуурсаны улмаас тухайн иргэнийг ажиллаж байсныг гэрчлэх архив, бичиг, нийгмийн даатгалын дэвтэр байхгүй бол яаж гэрчлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл тухайн иргэн амьдран суугаа хорооноосоо ажил хөдөлмөр эрхэлж байсан, ажилгүй болж, харьяаллын хаягтаа амьдарч байсан гэх зэрэг тодорхойлолт гаргуулж бичиг баримт бүрдүүлэх боломжийг олгосон юм. Ямартай ч нэг удаа хэрэгжээд дуусч байгаа энэ хуулиар боломжийг алдахгүйн тулд улсын хэмжээнд 483,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар болжээ.
Ийнхүү нийгмийн ороо бусгаа цаг үед хүссэн ч, эс хүссэн ч ажлаа орхин ганзагын наймаанд мордсон, ихэнх байгууллагууд цалингаа тавьж чадахгүй, ажилчдаа цомхотгож байсан шуурганд нэрвэгдсэн, завсарт нь үлдсэн хүмүүст боломж олгосон хуулийг хэрэгжүүлсэн байна. Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож, олгох юм.
эх сурвалж: ньюс.мн