БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Сайд Ц.Цогзолмаа уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ.
К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ.
Б.Гангаамаа өнгөрсөн сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг юм байна. Б.Гангаамаа Пакистан улсын цагаар 08.30, Монголынхоо 10.30 цагт К2 уулын оргилд гарчээ. 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ.