Баялаг бүтээгээгүй өв залгамжлагчдаас авах татварыг нэмье
Монголын үндэсний хөрөнгөтнүүд өөрийн хүчээр болон өрөөлийн хүчээр төрөн гарцгаагаад 10 гаруйхан жил өнгөрч байна. Өөрийн хүчээр эдийн засгийн ноён цамхгаа босгосон хөрөнгөтнүүдээс “МСS”-ийн Д.Оджаргал, “Гацуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ийн Б.Нямтайшир, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Ньюком”-ын Ц.Болдбаатар, “Жаст”-ын Ш.Батхүү, “Макс”-ын Д.Ганбаатар, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарын зэрэг улстөр рүү холбирч ороогүй ч ардаа хүчирхэг дэмжлэгтэй бизнесмэнүүд олон бий. Тэгвэл өөрийн гар, ухаанаар өнөөдрийн өндөрлөгөө босгосон “Женко” Х.Баттулга, “Алтай Трейдинг”-ийн Сү.Батболд, “Бодь”-ийн Лу.Болд, “АПУ”-гийн Г.Батхүү, “Голомт”-ын М.Зоригт зэрэг Монголын толгой баячууд улстөр хийж, өөрсдөдөө болон өв залгамжлагчдадаа ивээлтэй хууль баталсан шигээ сууцгааж байна.
Шинэ монгол баячууд төрөн гараад удаагүй шиг өөрийн гараар ганц хүрз нүүрс ухаж үзээгүй, нэг удаа дэлгүүрээс мах худалдан авч үзээгүй цагаан гар, саарал сэтгэлтэй, Монголд багтахгүй баян өв залгамжлагчид борооны дараах мөөг шиг л суга үсрэн гарч ирцгээх болов.
Аливаа улс орны хөгжил, дэвшлийг баялаг үйлдвэрлэгч бизнесмэнүүд, үндэсний хөрөнгөтнүүд авч явдаг нь хэнд ч тодорхой зүйл.
Харин манай шинэ баячуудын ихэнх нь бодит үйлдвэрлэл явуулж, жинхэнэ баялаг бүтээсэн нь гарын 10 хуруунд багтах төдий. Үйлдвэрлэл явуулсан цөөхөн хэд нь спирт найруулан ард түмнээ архинд живүүлж, урдаас тамхины ургамал зөөж галзуу улаан дүнсний утааг хөдөө, гадаагүй баагиулсан нь л үнэн.
Гэхдээ сайн, муугаараа хэлүүлэвч өнөөдөр насны нар нь хэлбийж яваа шинэ Монголын анхны баячууд хэрэгтэй цагт бидэнд багагүй өгөөжөө өгсөн нь бас л үнэн. Харин өнөөдөр тэднийг залгамжлан гарч ирж байгаа хоёр дахь үеийн баячууд буюу өв залгамжлагчид гэж ёстой л “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлах” эрдмээс өөрийг сураагүй нялхас өндийцгөөж байна.
Эцэг, эх нь шургаж унатлаа зүтгэн байж хурааж, хуримтлуулсан баялгийн эзнээр нэг л өдөр тодорцгоож байгаа өв залгамжлагчид үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахаасаа илүүтэй улстөрийн бохир тоглоомд хутгалдахаар улайран зүтгэцгээх болсон нь тун ч өрөвдөлтэй.
Хүн бүхэнд заяадаггүй, хүссэн бүхэнд олддоггүй эд баялгийн өв залгамжлагчид эхнээсээ УИХ-ын гишүүн, банк, санхүү, яам, агентлагт хурган дарга болцгоон эцэг, эхийнхээ хурааж цуглуулсныг улстөрийн бохир бизнест оршин тогтнох эргэлтийн хөрөнгө болгоцгоож байгаа нь өөрсдийнх нь төдийгүй манай нийгмийн эмгэнэлт явдал болоод байгаа. Эцэг, эх нь нүүрс, алт, зэс, жонш ухаж нэгээс хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсноор тэдний баян өв залгамжлагчид Англи, АНУ, Сингапурт сурч ирээд Монгол Улсын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж хэдэн арван тэрбум төгрөгийн өв залгамжлагчаар тодорч байгаа өнөөдрийн хууль бус тогтолцоог нэн даруй өөрчлөх цаг болжээ. Нарийн сухайт, Таван толгойгоос нүүрс, Заамар, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган, Архангай, Хэнтий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговиос алт, Эрдэнэт, Дорноговиос зэс, жонш ухаж Монголын толгой баячууд болсон эрхмүүдийн өв залгамжлагчдад тодорхой хэмжээний татвар тогтоодог хуулийг яаралтай батлан гаргах шаардлага амьдралаас урган гарч байна.
Дэлхийн практикаас аваад үзэхэд баялаг бүтээх үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж өөрийн гараар хөрөнгө босгоогүй баян өв залгамжлагчдад ихээхэн хэмжээний татвар ногдуулдаг жишиг тогтож, нарийн чанд хууль эрх зүйн актаар энэ асуудлыг зохицуулдаг ажээ. Жишээ нь Японд иймэрхүү өв залгамжлагчид ашгийнхаа 90 хувийг татварт өгдөг байна. Гэхдээ хэдэн мянган жилийн суурин соёл иргэншилтэй Японыг яг хуулбарлан “Гацуурт”-ын Л.Чинбатын охин, “МАК”-ын Б.Нямтайширын хүү, охин, “Женко” Х.Баттулгын өв залгамжлагчид, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн охин, хүү, Ш.Отгонбилэг, Ц.Балдорж агсны өв залгамжлагчдаас 90 хувийн татвар аваад бай гэж хэлээгүй.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан “Газрын хэвлийн баялаг нь бүх ард түмний өмч байна” гэснийг үндэслэн нүүрс, алт, зэс ухаж баяжсан эрхмүүдэд өндөр татвар ногдуулж чаддаггүй юм бол “шар завьж”-тай ангаахайнууд буюу зугаалж, цэнгэж яваад нэг л өдөр Улаанбаатарт багтахгүй болтол баяжсан өв залгамжлагчдад тохирсон хэмжээний татвар ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай батлан гаргах шаардлагатай байна.
Шинэ Монголын хоёр дахь үеийн баячууд буюу өв залгамжлагчид Английн хатан хаантай барьцалдан, дэлхийд ганцхан ширхэг машин захиалж хийлгээд унаж байна. Зарим нэг нь “Литр бензин 10 мянга болчихоосой. Зам түгжрэхгүй, ганцаараа сайхан давхимаар байна” хэмээн цээжээ дэлдэж сууна. Нөгөө нэг нь хувийн нисдэг тэргээрээ хөвч тайгын хаа дуртай газраа нисэн бууж, улаан номонд орсон баавгай, бодон гахайг дуртай үедээ буудан хороож байна.
Алс холын Номхон далайд байрлах арал дээр чамин тансаг хаус худалдаад авч байна. Эцэг, эх нь “Тамирын голын мөсийг долоох шахаж” байж хурааж, хуримтлуулсан хөрөнгө, мөнгө зарим нэгэнд нь хоол болох биш, хор болж эхэлсэн нь ч бий.
Монголчууд хэзээнээсээ “Гэнэт цадах гэдсэнд халтай. Гэнэт баяжих аминд цөвтэй” гэж хэлэлцсээр ирсэн нь зүгээр нэг амны уншлага төдий биш юм. Энэ үгний цаана маш том философи явж байгаа. Бас “Савны хэмжээ нь дүүрч, насны тоо нь гүйцжээ” гэх нь ч бий. Энэ бүхнийг нуршсаны учир нь мэдээлэл сайтай, гүйлгээ ухаантай, авхаалжтай сэргэлэн аав, ээж чинь аливаа бүхнийг амжуулж алт, мөнгийг хангалттай сайн цуглуулж амжсан бол азаар тэдний өв залгамжлагчаар тодорсон шинэ баячууд та бүхэн хураасан, нууснаа түмэн олонтойгоо хувааж хүртэх цаг нь болсныг л сануулах, мэдүүлэх гэснийх билээ.
Урьд нь ийм олон баян, тарган өв залгамжлагчид өдий төдийгөөрөө төрөн гарч байсан түүх, уламжлал байхгүй. 20 гаруйхан жилийн настай ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийн буянаар үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарсан нь өнөөдөр хоёр, гурав дахь үедээ орж, нийт үндэстний баялгаас амжиж хураасан хөрөнгө зооринд нь зайлшгүй татвар, хураамж тогтоох ёстой шинэ орчин бүрэлдээд байна.
Уг нь дэлхийн жишгээс харж байхад эцэг нь газрын тос олборлож байсан бол хүү нь түүнийг боловсруулан бензин, шатахуун хийдэг юм байна. Эцэг, эх нь ганц нэг байшин босгосон бол үр удам нь бүхэл бүтэн хот сүндэрлүүлэн босгосоор ирж. Энэ бол жинхэнэ баялаг бүтээх бизнес дэх өв залгамжлалын утга учир, цаашлаад улс үндэстний хөгжил дэвшлийн гол хүчин зүйл болсоор ирсэн нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин өнөөдрийн манай баян өв залгамжлагчид аваад л байхаас өгөх ёс суртахуун төлөвшсөнгүй, өрөвч нинжин, өгөөмөр сэтгэл бүрэлдсэнгүй.
Хоёр сая 800 мянган монголчуудын өв хөрөнгө болсон газрын хэвлийн баялгийг ухаж, зөөж хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө хураасан Монголын шинэ баячуудын үр удам, өв залгамжлагчдын өөрийн гараар бүтээн босгоогүй эд баялаг, хөрөнгө зоориноос татвар, шимтгэл авч нийгмийн шударга ёсыг тогтоох хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлье.
Ингэхийн тулд өв залгамжлалын тухай хуулийг нэн даруй батлан гаргах шаардлагатай байна.
Эх сурвалж: