Тамхины тухай хуулийн зарим заалтыг эргэн харах хэрэгтэй болжээ

parent_abor-smokingМанай өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн хуулиудаас биелэлээ хамгийн сайн олж байгаа нь Тамхины хяналтын тухай хууль. Хэрэгжилт улсын хэмжээнд 92.2 хувьтай байгааг МХЕГ-аар ахлуулсан шалгалтын ажлын хэсгийнхэн саяхан тайлагнасан учир ийн хэллээ.Гэхдээ Монгол Улс дэлхийн хамгийн их тамхидалттай арван орны нэг, тамхинаас үүдэлтэй өвчлөлөөрөө дээгүүрт жагссан хэвээр байна. Тамхи татдаг иргэдийн тоо буураагүй  атлаа Тамхины хяналтын тухай хууль Монголын түүхэнд байгаагүй сайн үр дүнтэй гэгдэх нь бодит үнэнд хэр дөхөх бол.

Цөөн баримт дурдъя. Өнгөрсөн оны мөн үед Статистикийн үндэсний газраас Монголын нийт хүн амын 78 хувь  буюу эрчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 43 хувь нь тамхичин байна гэсэн мэдээлэл хийж байв. Түүнчлэн өнгөрсөн оны энэ үед тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй 30 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага, түүнийг хэд дахин нэмэгдүүлэх тооны гар дээрээс тамхи борлуулагч байсан бол өдгөө 3559-өөр цөөрсөн байна. Гэтэл өмнөх оны эхний зургаан сард гаалиар 31328.6 ширхэг тамхи, тамхин бүтээгдэхүүн нэвтэрч байсан бол энэ оны эхний зургаан сард 30382.5 болж тооны хувьд ялгаа бараг гараагүй байна.  Энэ нь худалдан борлуулах зөвшөөрөлтэй байгууллагын тоог хумьж, үнийг нэмэгдүүлснээс хэрэглэгчдийн тоо цөөрөөгүйг харуулж байна. Үүнээс иргэд хаанаас тамхи авч татаад байна вэ гэх асуулт урган гарч ирж байгаа биз?

Тусгай зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчдийн тоог хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гар дээрээс тамхи борлуулан талхны мөнгөө ологсод хуулиа үг дуугүй сахин биелүүлж эхлэв үү, эсвэл далд хэлбэр рүү шилжив үү?

Томчууд сүлжээ дэлгүүрээр хөлжиж,  жижиглэнгийнхэн нууц сүлжээнд орлоо

Тамхины бизнес дэлхийн хамгийн орлоготой салбарын нэг. Ялангуяа хөгжиж буй орнууд бол тамхи үйлдвэрлэгчдийн гол бай нь байсаар ирсэн. Энэ зарчмаар тамхи үйлдвэрлэгчдийн хамгийн найдвартай хэрэглэгчийн тоонд Монгол багтаж буй. Баримт дурдъя. Монгол Улс 2012 онд 2138.1 сая тамхи импортолжээ.  Энэ нь 2005 оны дүн мэдээтэй харьцуулахад 3.4 дахин өссөн тоо юм. Үүнийг баталж байгаа бас нэгэн тоо бидний өмнө байна. Энэ бол дотоодод үйлдвэрлэсэн тамхины тоо. Өнгөрсөн онд 1.1 сая янжуур тамхийг дотооддоо үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. 2005 онтой харьцуулахад үйлдвэрлэсэн тамхины хэмжээ 1.4 дахин өссөн үзүүлэлт. Өдгөөгөөс долоон жилийн өмнө нэг хүнд ногдох тамхины хэмжээ 306 ширхэг буюу 15 хайрцаг байсан бол өнгөрсөн жил 1234 ширхэг буюу 61.7 хайрцаг болж өсчээ. Энэ хэрэглээг богино хугацаанд хазаарлаж дийлэхгүй нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах 3559 цэгийн тусгай зөвшөөрлийг  улсын хэмжээнд цуцлаад буй. Энэ нь тамхичдын тамхи худалдан авах цэгийг хумихын зэрэгцээ үнийг жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдэхэд хүргээд байна. Үүнийг томоохон худалдааны супермаркетуудын эздүүд овжин ашиглаж, зөвшөөрлийг өөрийн салбартаа төвлөрүүлэн хөлжих болсон. Гар дээрээс худалдаалагсад болон жижиглэнгийнхэн ч тэднээс дутахааргүй ажиллаж буй. Хил, гаалиар “Хувийн хэрэгцээнд” гэсэн тодотголтойгоор чанарын шаардлага хангах, үгүй нь тодорхойгүй дүнсэн болон янжуур тамхийг их, бага хэмжээгээр оруулж ирэх, түүнийгээ нууцаар худалдан борлуулах явдал гаарсаар байгаа билээ. Өндөр үнэтэй тамхи худалдан авснаас чанаргүй ч хямд үнэтэй тамхийг иргэд сонгож, хориглосон цэгээс бусад газарт баагиулж зогсоог эрхэм хууль санаачлагчид, байцаагчид мэдэж байгаа болов уу.

Энд сануулах ёстой нэг зүйл бол тамхи, тамхин бүтээгдэхүүний хил, гаалиар оруулж ирж буй тоо, ширхэг өмнөх оныхоос цөөрөөгүй ч улсад төлж буй татварын хэмжээ хэд дахин буурчээ.

6-гийн зургадугаар зүйлд өөрчлөлт оруулах хэрэгтэй

Тамхины хяналтын хуулийн 6.6-д  “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур  байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалт бий. Гэтэл энэ нь Монгол Улсын хэмжээнд бараг хэрэгжих боломжгүй заалт юм. Учир нь, Монголын аймаг, сум, багийн төв, зарим нь бүхэлдээ 300-500, хамгийн томдоо 600 метрт багтан “бөөгнөрсөн” байдалтайгаар аж төрдөг. Нийслэлийн хувьд ч ялгаа алга. Жаахан хэтрүүлбэл худалдааны төв, сургууль, цэцэрлэг, бар, ресторан, ТҮЦ бүгд нэг байр түүрэслэн, урд, хойд, хажуу хаалгаараа тусгаарлагдаж буй. Тэгсэн хэрнээ зэргэлдээ хоёр хаалганы нэгэнд нь Тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах тусгай зөвшөөрөл өгсөн атлаа нөгөөхөд нь “Танай байрлал хуулиар хориглосон бүсэд байгаа учир зөвшөөрөл өгөх боломжгүй” хэмээн амыг нь таглаж, хуулиар “алаглаж” байгаа тохиолдол цөөнгүйг худалдаачид учирлаж байсан. Энэ тохиолдолд худалдаачид хамгийн сайн борлуулалттай байдаг “бараагаа” лангуун дороо, хувийн цүнхэндээ, чихэр, печень зэрэг өөр зүйлийн хайрцагт хийн цагдаа, хуулийнханд хошуу хүргэчихээргүй “тамхины үнэнч пен”-үүдэд бусдын нүдийг хариулж байгаад худалдаалдаг аж. Үүний цөөхнийг нь буюу таван аж ахуйн нэгж, гурван албан тушаалтан, 51 иргэнийг МХЕГ-аар ахлуулсан ажлын хэсгийнхэн илрүүлж, нийт  14.870.000 төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээлж байсан. Үүнийгээ “Хууль улсын хэмжээнд сайн хэрэгжиж байна, 6.6 дугаар заалт 94 хувьтай хэрэгжиж байна” хэмээн мэдээлж байгаа нь харамсалтай. Түүнчлэн ЭМЯ-ны мэргэжилтнүүд “Тамхины хяналтын хууль хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэнд сайжирч байна. Тамхидалтын тоо эрс цөөрсөн. Насны ангиллын хувьд 25-34 насныхан тамхинаас татгалзаж эхэлж байгаа нь судалгаагаар ажиглагдаж байна” зэрэг мэдээлэл хийж байсан. Гэвч бодит тоо баримт, судалгааны үр дүн алга  байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын ажлын хэсгийнхэн “Нийслэлд тамхи нууцаар ширхэглэн борлуулдаг хэд хэдэн хүн бий. Бид хараандаа авсан. Торгуулийн арга хэмжээ авсан. Хэрвээ давтагдвал баривчлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн хөрснөөс хэт хөндий мэдээлэл хийж байгаа нь далд бизнес эрхлэгчдийг өөгшүүлж байна уу гэлтэй. Хуулийн хэрэгжилт сайн байгааг сурталчилах үүднээс төрийн байгууллагууд ийм мэдээлэл хийж байгаа нь энэ төрлийн худалдааг далд хэлбэрт шилжихэд шууд нөлөөлж байна. 10 жил хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулж чамгүй ашиг олж байсан бизнесмэн өнгөрсөн зургадугаар сараас зөвхөн тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах болсноор хоёр хүүхэддээ орон сууц, өөртөө машин худалдан авсан гэнэ лээ. Энэ бол тамхины далд бизнес улам цэцэглэж байгаагийн хамгийн наад захын жишээ. Тиймээс “Тамхины хяналтын хууль”-ийн амьдралд хэрэгжихгүй байгаа, хэрэгжих боломжгүй зарим “сэтгэлийн хөдөлгөөнөөр”, тооцоогүй хандсан зүйл, заалтуудаа эргэн харж, өөрчлөлт оруулахгүй бол хууль санаачлагчид, хяналтын байгууллагынхан Ажлын хэсгийнхний үгэнд итгэж “Хууль хэрэгжиж байна” гээд санаа амарч суух хооронд хуулийн цоорхой ашигласан бизнесмэнүүдийн тамхины далд бизнес, жирийн иргэдийн ширхэг талхны бус бүтэн хоногийн хоолны мөнгийг хайрцаг янжуураар сольж байна.

Х.Ананд

Эх сурвалж:Fact.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …