Сэтгэл гутрал нь буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар төсөөлж байснаас өөр маш өвөрмөц байдлаар илэрч болдог. Жишээлэхэд, зүрхний шигдээс, умайн гадуурх жирэмслэлтээр илэрч болно. Хэвлийгээр хүчтэй өвдөх, тахикарди, гэдэсний түгжрэл зэргээр илрэх нь олон жилийн дадлага туршлагатай эмчийг ч төөрөгдүүлж болно. Гэсэн ч анагаах ухаан нь сэтгэл гутралыг таниж зөв онош тавиж сурсан юм.
Сэтгэл санаагаар унаж, орчны бүх зүйл дургүйцлийг хүргэх нь хүн болгонд тохиолддог. Бүр нярай хүүхэд хүртэл сэтгэл санаагаар унаж болох нь тогтоогдсон юм.
Гэхдээ хамгийн чухал нь түр зуурын сэтгэл унал, сэтгэл санаагаар унах эмгэг хоёрыг ялган салгах хэрэгтэй. Эхнийх нь ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэл авсны дараагаар үзүүлж буй бие махбодийн урвал ба богино хугацаанд явагдаж өөрөө аяндаа эдгэрдэг.
Харин эмгэг нь хүчтэй сэтгэл зүйн цочрол стрессийн дараа, дотоод шалтгаантай (төв мэдрэлийн систем гэмтэх) холбоотой үүсдэг.
Шалтгаан
Хүмүүс янз бүрийн шалтгаанаар депресст ордог. Энэ байдал нь тухайн хүний төв мэдрэлийн системийн тогтвортой байдал, түүний зан чанар болон амьдралд хэрхэн ханддагаар нь илэрнэ. Хүн бүрт сэтгэлээр унах шалтгаан нь янз бүр байдаг.
Жишээ нь: дуртай аяга нь хагарах, ажлаас халагдах г.м. Депресст орох ихэнх шалтгаан нь богино хугацаанд маш хүчтэй цочрол өгсөн сэтгэл зүйн гэмтлүүд ( ойр дотны хүнээ алдах, үхлээс айх), эсвэл тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд байж болдог. Мөн улиралын өөрчлөлт, болж өнгөрсөн янз бүрийн баяр, гэр бүлийн хэрүүл маргаан болон бусад зүйлүүд нөлөөлдег.
Шинж тэмдэг
Зарим тохиолдолд сэтгэл гутрал нь нүүрний зовиураар илэрнэ. Энэ үед шүд, эрүүний үе, хэл, залгиур, гурвалсан мэдрэлийн өвдөлттэй ижил өвдөлтүүд үүснэ. Хэл хуурайшин мэдээгүй болох, заримдаа хэлэн дээр үс ургасан мэт санагдана. Өвдөлтүүд нь маш хүчтэй байдаг тул өвчтөн заримдаа өвчлөөгүй шүдээ хүртэл авч өгөхийг гуйдаг. Хачирхалтай нь дээрх үйлдлийг хийхэд өвдөлт нь түр зуур л намддаг.
Хэвлийн хам шинж (синдром) нь хэвлий орчмоор өвдөх, хүнд оргих, халуун хүйтэн оргих зэрэг шинжээр илэрнэ. Энэ байдлыг дотор муухай оргих, гэдэс түгжрэх, гүйлгэх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд дагалдаж болно.
Биеийн ерөнхий байдал шөнө муудаж, өглөө болон өдрийн хоёрдугаар хагаст дээрддэг. Заримдаа дээрх зовиуруудтай хүн эмнэлэгт мухар олгой, холецистит, хоолны хордлого гэсэн оноштойгоор хүргэгдэн ирдэг. Гэвч эмийн болон мэс заслын эмчилгээ үр дүнгүй байдаг.
Толгойн өвдөлт хэлбэрийн депресс. Өвдөж байгаа хэсэг нь тодорхойгүй, өглөө болон шөнийн цагаар өвдөнө. Ингэх үед толгой өвдөхдөө төмөр цагирагаар ороож буй мэт, хорсож төөнөх, юм гүйгээд байгаа мэт ирвэгнэх мэдрэмж төрүүлдэг. Өвчин намдаах эмүүд нөлөөлдөггүй. Дээрх өвдөлтийг ихэвчлэн мигрень, мэдрэл судасны дистонитой андуурдаг. Үүний үр дүнд олон жилийн эмчилгээ нь ач холбогдолгүй болдог.
Заримдаа депресс нь үе мөч, булчингийн өвчин, невралги, радикулит маягаар илэрч болно. Дээрх маягийн илрэлийг артралги гэж нэрлэдэг. Рентген шинжилгээ хийж үзэхэд гэмтсэн мэдрэл, үе мөч байдаггүй.
Зүрхний өвчин хэлбэрийн депресс. Энэ үед цээж хорсох, даарах, зүрхний цохилт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд гарна. Жинхэнэ зүрх судасны өвчнөөс ялгахын тулд кардиограмм хийхэд хангалттай байдаг. Сэтгэл уналтын үед шинжилгээнд гарч буй зовиуруудыг батлах өөрчлөлтүүд илэрдэггүй. Зүрхний эм нь өвдөлтийг бага зэрэг намдаадаг боловч бүрэн арилгаж чаддаггүй. Стенокарди маягаар илэрч буй сэтгэл уналтын үед нитроглицерин ямар ч үйлчилгээгүй байдаг.
Сэтгэл гутрал нь нойргүйдлээр илрэх тохиолдолд, нойрны талын өөрчлөлтөөс өөр ямар нэг шинж илрэхгүй. өвчтөн өглөө эрт сэрж, дутуу амарсан шинжтэй байна. Хамгийн идэвхитэй цаг нь 12 цаг байдаг бөгөөд түүнээс хойш маш их ядарсан мэдрэмж терж аяга халуун цай, кофегүйгээр ажлаа үргэлжлүүлж чадахгүй юм шиг санагддаг. Орой болоход их яадарч сульддаг боловч шөнө дунд болохоос нааш унтаж чаддаггүй.
Фоби буюу янз бүрийн айдас хэлбэрийн депресс. Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм. үүр шөнийн цагаар ямар нэг юмнаас айх байдлаар илрэнэ. Ихэвчлэн үхэх, зүрх зогсох, ДОХ, зүрхний шигдээс, бусад аймшигт өвчнөөс айх айдсууд байна. өвчтөн айхын зэрэгцээ өөрийнх нь айдас ор үндэсгүй болохыг мэдэж байдаг.
Сэтгэл гутралын эхний шатууд бэлгийн талын өөрчлөлтүүдээр илэрдэг. Энэ үед хөвчрөл сулрана. Дур тавих нь удаан болно. Бэлгийн хүчтэй цочрол авахыг хүснэ. Хэвийн бэлгийн амьдрал таашаал авчирахаа болино.
Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист донтох явдал юм. Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлүүлж байгаа мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг бөгөөд маш хурдан дадал үүсгэдэг. өвчтөн хэдэн хоногоос аваад хэдэн сараар архидан согтуурдаг. Мансууруулах бодис, архи хэрэглэхээс татгалзуулахад сэтгэл гутрал нь улам хурцдаж, амиа хорлох, өөрийгөө буруутгах тарчлаасан бодлууд зовоож эхлэдэг. Мөн сэтгэл гутралын далд хэлбэрийн бусад шинж тэмдгүүд гарч
ирж болно.
Оношлогоо
Депрессийг оношлоход ямар нэг багаж болон лабораторын шинжилгээ хийдэггүй болохоор хялбар санагдаж болно. Гэтэл сэтгэл гутрал нь сонгодог хэлбэрээр бус далд хэлбэрээр явагдаж болно. Жинхэнэ онош тавиулах хүртлээ олон жил болдог. Учир нь өөр бусад өвчинтэй андуурагддаг. Зарим тохиолдолд онош андуурагдан хагалгаанд орох явдал байдаг.
Тест “Надад сэтгэл гутрал бий юу?” Энэхүү тестээр та өөрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжүүдээс таньд 3 нь илэрч байвал та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчтэй уулзсан нь дээр.
Шинжүүд
-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг
-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан. Таньд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.
-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.
-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.
-Таны оюуны чадавхи мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
-Амиа хорлох оролдлогууд хийсэн.
Дээрх шинжүүдээс 5 нь таньд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гүн хэлбэрт орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.