Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш нар байдаг юм.
Үйл ажиллагааны үеэр НИТХ-ын тэргүүлэгч, доктор Ц.Байгалмаа “Цаашид ч хэрэглээний математик, инженерийн мэргэжлийн номуудыг монгол хэлээр орчуулан оюутан, залуустаа хүргэх болно. Математик, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны онолууд инженерийн салбарт хэрхэн ашиглагддаг, улмаар инженерийн мэдлэгээ нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад яаж ашиглах зүйг монгол залуустаа таниулах, ирээдүйн бүтээлч инженерүүд бэлтгэх эрхэм үйлсийн нэг нь энэ болж байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын төв номын сан нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран STEM (Шинжлэх ухаан, технологи, инженер, математик)-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээлчдйн орон зай”-н уншлагын танхимыг нээн ажиллуулах гэж байгаа бөгөөд энэ үед дээрх цуврал номуудыг хүлээн авсан нь таатай хэрэг болсныг номын сангийн хамт олон илэрхийллээ.
ЯҮТХ нь Монгол улсад нэвтэрч эхэлсэн “Коосэн” загварын инженер технологийн боловсрол олгох сургалтыг бүх талаар дэмжин ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг нь хүүхэд, залууст хандсан оюуны хөрөнгө оруулалт болгож дээрх цуврал сурах бичгүүдийг зохиогчийн болон хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр монгол хэлнээ орчуулан гаргасан явдал юм. Одоогоор “Хэрэглээний матемтик”, “Шугаман алгебр”, “Материалын механик” номууд хэвлэгдээд байгаа бөгөөд цаашид энэ цуврал үргэлжлэн залуусын хүртээл болно.