“Азийн наадам-2018” тэмцээний цахим спортын тэмцээн мягмар гарагт Жакарта хотод болсон бөгөөд Индонезийн Умард Сулавеси мужаас оролцож буй 16 настай Ридел Есая Сумарандак спортын энэ төрөлд эх орондоо анхны алтан медалийг авчирсан байна.
Энэхүү тэмцээний оролцогчид “Clash Royale” тоглоомыг цахим сүлжээгээр тоглон өрсөлдсөн бөгөөд Индонезийн багийн тамирчин шигшээ тоглолтод Хятадын багийн тамирчин Хуань Ченьхуйтай тунан үлдэж, 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Хүрэл медалийн эзнээр Вьетнамын тамирчин Хуйнх Дук Хуйи шалгарчээ.
“Clash Royale” тоглоом нь “Supercell” компанийн бүтээл бөгөөд тус компани нь “Clash of Clans” тоглоомыг мөн хөгжүүлсэн ажээ. Азийн наадмын цахим спортын тэмцээнүүд ирэх есдүгээр сарын 1 хүртэл Жакарта хотод үргэлжлэх юм байна.
Цахим спортын тэмцээн нь наймдугаар сарын 26-нд “Arena of Valor” тоглоомын тэмцээнээр эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1-нд “Pro Evolution Soccer” тоглоомын тэмцээнээр өндөрлөх аж. Мөн энэ төрлийн спортын тэмцээний хүрээнд наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “League of Legends”, 30-нд “StarCraft2″, 31-нд “Heartstolen” тоглоомын тэмцээнүүд тус тус болох аж.