Хятадын Элчин сайдын яамны хүнд суртал буюу хонон өнжин визанд дугаарлах Монголчууд

Өнөөдөр 21-р зуунд бид амьдарч байна. Энэ зуун бол мэдээллийн технологийн эрэн үе. Мэдээллийн технологийн давуу тал нь аливаа асуудлыг  интернэттэд суурилсан техникийн ололтоор дамжуулан шийдвэрлэж болно. Тэр тусмаа хаа нэгтээ  бичиг баримт бүртгүүлэх, виза олгох ажлыг  онлайн хэлбэрээр  иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах боломжтой.

Харин Монгол улсад БНХАУ-ыг төлөөлөн ажилладаг Элчин сайдын яамныханд ийм хүсэл сонирхол, эрмэлзлэл байдаггүй бололтой. Монгол, БНХАУ нь найрсаг харилцаат, хөрш улс болохынхоо хувьд БНХАУ-аас жил бүр Хятад улсын Их дээд сургуульд 100 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулдаг. БНХАУ-ын Засгийн газраас Монголын залууст олгож байгаа тэтгэлэгт хөтөлбөрийг сайшааж болох  хэдий ч харамсалтай нь тэтэглэгт суралцах оюутнуудад  чиг үүргийнхээ дагуу виза олгох ажлыг зохион байгуулж байгаа БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын сэтгэл дутсан, хүнд суртал гаргасан, иргэдийг чирэгдүүлсэн үйлдэл нь олны бухимдалыг удаа дараа төрүүлээд байна.

БНХАУ-ын Элчин сайдын яам  8 сарын 10-аас эхлүүлсэн виза олголт нь тэтгэлэгт хамрагдсан олон оюутныг 10-15 хоног гадаанаа дөр шөнөгүй хонон өнжин  дугаарлуулах, улмаар тэдний очерийг үл харгалзан өөрсдөө хүмүүсийг дуудаж оруулах /үүнд арын хаалга, авлига авч хүмүүсийг оруулдаг байх гэсэн хардлага бий/ зэргээр Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхаж, Их гүрний дээрэнгүй гэмээр үзлийг тулган хүлээлгэж байна.

Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна визний мэдүүлэг өгөхөөр ирсэн иргэд 15 хоног хонон өнжин дугаарлаж байгаа гэнэ. Тус Элчин сайдын яам виз хүссэн иргэдээс 1, 2, 3 дахь өдрийн өглөө 09:00 цагаас мэдүүлэг авдаг бөгөөд үдээс хойш хариуг нь хэлдэг ажээ. Ачаалал их байгаа энэ үед хоёр цонхоор мэдүүлгийн материал авч байгаа гэсэн ч энэ нь виза хүсэгчдийн ачааллыг бууруулж чадахгүй байгаа гэнэ.

Хятадын элчингээс визний мэдүүлэг өгөхдөө ямар бичиг баримт бүрдүүлж ирэх ёстойг мэдээллийн самбараараа мэдээлдэггүйн улмаас  олон иргэн визээ авч чадалгүй буцсаар, улмаар ийнхүү ачаалал үүсэхэд нөлөөлжээ. Бороотой өдөр нялх хүүхдээ дагуулаад ирсэн хүн ч харагдаж байлаа. Ингэж олон хоногоор дугаарласнаар цаг хугацаа алдаж, санхүүгийн хувьд хохирч байгааг иргэд хэлдэг байна.

Хятадын Элчин сайдын яам ачаалал их байгаа энэ үед боловсон хүчнээ нэмэхгүй, харин виз гарах хоногийн тоог нэмжээ. Өмнө нь яаралтайгаар виз мэдүүлэхэд 73-83 ам.доллар ажлын хоёр хоногт, энгийн нь 53 ам.доллар ажлын дөрөв хоногт хариу нь гардаг байсан бол өнөөдөр яаралтай нь гурав, энгийн нь ажлын долоо хоногийн дараа гардаг болжээ. Мөн тус Элчин сайдын яамны ажилчид иргэдтэй бүдүүлэг харьцдаг,  юм асуухаар хариулдаггүй гэж иргэд ярьсан байна.

Дээр хэлсэнчлэн энэ бүх ажлыг жаахан сэтгэл гаргахад онлайн хэлбэрээр иргэдэд ямар ч чирэгдэл хүндрэлгүй зохион байгуулчихаж болмоор атал заавал иргэдийг ингэж  хонон өнжин хүлээлгэж, очер дараалал үүсгэж, цэрэг цагдаа болох ямар учиртай юм бол. Тэдний виза олголтын хүнд суртал, олон хоногоор иргэдийг чирэгдүүлдэг  үйлдлээс болж Хятад улсад тэтгэлэгээр сурах  болзолыг хангаж, өндөр оноо авсан ч оюутан бухимдахын эрхээр сургуулийн урилга, тэтгэлэгт тэнцсэн барчиг баримтаа БНХАУ-ын Элчин сайндын яамны гадаа урж хаясан тохиолдол гарсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын дээд түвшинд  яриад шийдвэрлэсэн тэтгэлэгийн асуудалд виза олгохдоо ингэж хойрго  хандаж байгаа Хятадын Элчин сайдын яамны ажлыг юу гэж ойлгох ёстой вэ. Монголчуудыг аль болох “дарамталж” тэднийг “чирэгдүүлж”, сурах боломж, тэсвэр тэвчээрийг нь шалга гэсэн чиглэлийг “Элчингийнхэн дээрээсээ” аваагүй л байлтай.

Тэгвэл тэдний ингэж иргэдийг чирэгдүүлсэн үйлдийн цаана юу нуугдана вэ?  Магадгүй үүний цаана БНХАУ-ын Элчин сайдын яамны зарим ажилтнууд Монгол улсын  иргэдээс авлига авдаг байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Энэ асуудлын учир шалтгааныг БНХАУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин та мэддэг үү, эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт чимээгүй суудаг уу?

Мөн Монгол улсын иргэн нь  бороотой намрын сэрүүн өдрүүдэд Хятад улсын Элчин сайдын үүдийг хонон өнжин сахиж суугаа энэ  асуудалд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та ямар тайлбар өгөх вэ?

Ц.Мөнх


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …