Баянхонгор аймагт энэ сарын 4, 5-нд салхи ширүүсч говь, хээр талийн нутгаар 14-16м/с, хангайн уулархаг нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Иймд малчид, ард иргэдийг цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна. Мөн хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах, гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгахыг сануулав.
Түүнээс гадна хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлган аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг анхаарууллаа.