Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширжээ. Энэ өдөр хотын төвийн авто зам дээр 26 зам тээврийн осол, автомашин эвдэрч, унтран зам дээр зогссон 9 саад гарч автозамын хөдөлгөөн саатахад нөлөөлсөн байна. Энэ өдрийн осол, саатал нь ердийн өдрийнхөөс 60 хувиар өссөн байна. Тухайлбал Улаанбаатар хотод өдөр 13:40 цагийн орчимд бороо орж улмаар замын хөдөлгөөний хурд удааширч эхэлсэн бөгөөд, 13:56 минутад Байгалийн түүхийн музейн урд 3-11 гражийн дугаартай том оврын автобус жижиг тэрэгтэй шүргэлцэж зам тээврийн осол гарснаас шалтгаалж Бага тойруу, Сүхбаатарын гудамж Хүрдийн уулзвар, Хүнсний 1-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Их сургууль Самбуугийн гудамж, цаашлаад Бээжингийн гудамж хүрч нийт 4 талаас ачаалал авч эхэлсэн байна. Уг ослын улмаас авто замын зорчих хэсгийг 14:25 цаг хүртэл 29 минутын турш саатуулжээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд 14.34 минутанд Сүхбаатарын талбайн өмнө зүүнээс баруун тийш чиглэлд Автобус жижиг тэрэгтэй шүргэлцэж автозамын зорчих хэсгийн 1,2 дугаар эгнээг хааж зогссон, үүнтэй зэрэгцэн авто замын 3 дугаар эгнээнд троллейбус эвдэрч зогссон нь автозамын зүүнээс баруун тийш явсан бүх эгнээ хаагдаж 30 минутын турш зорчих хэсэг хаагджээ. Энэ ослын улмаас Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 зам, Бөхийн өргөөний уулзвар, Токиогийн гудамж, МУБИС-ийн уулзвар, Бага тойруу, Гадаад хэргийн яамны уулзвар, Их сургуулийн гудамж, Олимпийн гудамжинд бүхэлдээ түгжрэл үүсч хөдөлгөөн саатлаа. Түүнчлэн замын эсрэг урсгал буюу Гадаад хэргийн яамны ард Энхтайваны өргөн чөлөөнд зүүнээс баруун тийш явсан чиглэлд 14:45 цагт 13-173 дугаартай Автобус эвдэрч зогссон нь замын түгжрэлд нэмж нөлөөлж үүнээс шалтгаалж Төв шуудангийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Бага тойруу, Цаг уурын уулзвар, УИД хүртэл ачаалал нэмэгдсэн байна. Бөхийн өргөөний хойд зам дээр 16:17-аас 16:40 цагийн хооронд Автобус шатахуун дуусч зогсон замын хөдөлгөөнд 13 минут саад учруулжээ. Тухайн өдөр хотын төвийн хэсэгт гарсан зам тээврийн ослын 7 нь нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол байжээ. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын тухай мэдээллийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэдэд шуурхай хүргэх үүргийнхээ дагуу UBS телевизийн 14:30 минутын шууд нэвтрүүлэгээр, мөн Авто радио FM96.3-аар 10 минут тутамд ослын байршил, замын нөхцөл байдлын бодит мэдээллийг хүргэн ажилласан байна. Мөн цаг тухайд нь гэрлэн дохионы горимыг төвөөс шууд удирдаж, хөдөлгөөн зохион байгуулалтыг шуурхай хийж, Нийслэлийн Замын цагдаагийн газрын биет зохицуулагч нартай хамтран ажиллажээ. Мөн энэ үеэр цахилгааны хязгаарлалт хийгдсэний улмаас тог тасарч 7 уулзварт нийтдээ 5 цаг 08 минутын хугацаанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио ажиллаагүй байна. Энэ мэт үүссэн нөхцөл байдал нь хальтиргаа гулгаа үүссэн үед жолооч нар туйлын анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож бие биенээ хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцох, хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохио, техник хэрэгсэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгааг харуулж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Санал болгох мэдээ
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …