Сар бүрийн 9-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгож зарлах тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргаж Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд тодорхой ажил зохион байгуулж, өөрийн эзэмшлийн байгууллага дээрээ иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц нөхцлийг арилган ажиллахыг чиглэл болгосон.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд иргэдийг эрсдэлд учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу иргэдээс ирүүлсэн санал, гомдол, өргөдөл, цахим орчинд тавигдсан мэдээллүүдийн дагуу 2018 оны 08 сард НМХГ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтын үр дүнг НМХГ-ын дэд дарга Б.Батшагай 2018 оны 09 сарын 05-ны өдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулжээ.
Шалгалтын явцад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, худалдаа, үйлчилгээний цэг болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжийг тогтоож гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Цэцэрлэгт хүрээлэнд хуушуур, шорлогоос гарах хиншүү утаа ойр орчмын оршин суугчид болон цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж буй иргэд хүүхдүүдийн тав тухтай амрах байдлыг зөрчиж байсныг дурьдлаа.
Мөн худалдаалж буй зайрмаг, хөөсөн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхойгүй учир эрүүл ахуйн баталгаагүй, худалдан борлуулж буй хүүхдийн тоглоомуудыг иргэд БНХАУ-аас хувиараа оруулж ирсэн, чанарын баталгаагүй, хүүхэд тоглох аюулгүй байдлыг хангаагүй зөрчлүүд ихэвчлэн гарсныг тогтоож, эдгээр зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллажээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэл хотын оршин суугчдаас гадны жуулчид саатан зугаалж байх ёстой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд үйлчилгээний гэхээсээ илүү худалдааны газар болон хувирчээ. Тиймээс үйл ажиллагаа эрхэлж байгаа эдгээр газруудад газар эзэмших эрхээс нь эхлээд гэрээний хэрэгжилт, биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн журам, нэг стандартын шаардлагаар ажиллах хэрэгтэй байна.
НМХГ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд учир дутагдалтай, хангалтгүй ажилласан байна. Иргэдийн хувьд ч гэсэн эрхлэх ажилгүй, амьдрах аргагүй гэдэг шалтгаанаар дураараа авирлаж байгаа зүйл бий. Хувь хүн, ҮЦХ, НӨХГ гэсэн гурвалсан гэрээгээр ТҮЦ-ний зөвшөөрлийг олгодог асуудлыг болих хэрэгтэй. Шаардлага хангахгүй бүх газруудыг татан буулгана. Наад захын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй ил задгай нөхцөлд хоол хүнсний үйлчилгээ явуулах болон худалдаалахыг зогсоох ёстой.
Мөн чанаргүй бүтээгдэхүүн иргэдэд худалдаалдаг, аюулгүй дүрэм журамд нийцээгүй, баталгаагүй хүүхдийн тоглоомоор тоглуулдаг явдлынхаа учрыг НМХГ ол. Үнэхээр тэнд хоол үйлчилгээ байх ёстой гэвэл цэвэр бохир усанд холбогдсон, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажиллах асуудлыг шийдэх ёстой. Ирэх хавар гэхэд эдгээр асуудлыг цэгцлээд явна гэдгийг анхааруулья” гэв.
НИТХ-ын ХМОНХТ