Төрийн байгууллагын гаднах зогсоолыг иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх ёстой

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа.

Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ.

Мөн хөдөлгөөний ачааллыг тооцохдоо дэвшилт технологи ашиглахаар судалж байгаа аж. Түүнчлэн зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг иргэдээс хүлээн авдаг программаа удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа гэв. Сургууль, цэцэрлэгийн хичээллэх болох тарах үеэр хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг.

Тиймээс нийслэлийн ЗДТГ-ынхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран эцэг, эхчүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сургууль, цэцэрлэг орчмын түгжрэлийг сааруулах ажил санаачилж байгаа аж.

Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ахлагч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн удирдлага сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй. Мөн “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхчүүдийг уриалж, байр, орцынхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь ээлжээр хүргэдэг болохыг уриалсан. Харамсалтай нь яамнаас боломжгүй гэсэн. Гэсэн ч бид боломжит хэлбэрийг нь судална. Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагийнхаа ажилчдыг ажлын нэг өдөр автомашин унахгүй байхыг уриалсан” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан дээрх зохион байгуулалтуудыг үр дүнтэй арга гээд даруй хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Харин төрийн албаны данстай тээврийн хэрэгслийн хувийн ажилдаа явуулдаг байдлыг болиулж, төр захиргааны гаднах зогсоолд иргэдийн машиныг тавиулах хэрэгтэй гэлээ.

Энэ талаар тэрбээр “Төр захиргааны байгууллагын гаднах зогсоол тэр чигтээ ажилчдын машиных болчихсон. Үүний улмаас үйлчлүүлж байгаа иргэд зогсоолгүй гэлдэрдэг. Үүнээс болоод гол замууд түгжирдэг. Тиймээс уг асуудлыг судалж, даруй зохицуулах хэрэгтэй. Хүмүүсийг хөршийн хамтын ажиллагаанд оруулж, нэг байр, орцныхон асуудлаа хамтарч ажиллавал асуудлыг шийдэх боломж гэж харж байгаа. Төрийн албаны машины дугаарын өнгийг өөрчилж, зөвхөн төрийн албанд, ажлын цагаар үйлчилгээнд явуулдаг болгох ёстой” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …