Өнөөдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана

Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдогийн ДАШТ-ий эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг-ийн жингийн аваргууд тодроно.

Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны бөхөд хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан.

Г.Хэрлэн энэ жилийн ДАШТ-ий В хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломж бий. Түүний эхний өрсөлдөгч нь энэ оны Антальягийн гранпригийн тавдугаар байрын шагналт Турк улсын бөх С.Сандаль.

Эмэгтэй 52 кг-н жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана. Б.Хорлоодой өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар хэсгийн эхний барилдаанаа амжилттай хийн ялалт авсан ч дараагийн тойрогт Румын бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэрээр 2017 оны дэлхийн аваргаас хойш Азийн нээлттэй тэмцээнд хоёр удаа оролцож мөнгө, Европын нээлттэй тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин Г.Ганцэцэг энэ оны УАШТ-нд түрүүлсэн амжилттай бол Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар Бакуг зорьсон билээ.

Г.Ганцэцэгийн эхний өрсөлдөгч нь Шинэ Зеландын тамирчин бөгөөд түүнийг ялбал шууд шатанд шалгарах боломжтой болно.

Харин Б.Хорлоодой D хэсэгт багтсан бөгөөд шууд хоёрдугаар тойргоос Узбекстаны бөхтэй барилдана.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …