Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ хамтран ШУТИС-Коосэн, ТТДС-Монгол Коосэн технологийн коллежийн номын сан болон оюутнуудад Коосэнгийн сурах бичгийг гардууллаа.
Үйл ажиллагаанд Мияконожо технологийн коллежийн захирал Иваса Кэнжи, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Сано Хироми, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын япон захирал Күвабара Хирофүми болон “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Цагааны Байгалмаа нар оролцож Коосэнгийн сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц цуврал 193 ширхэг сурах бичгийг ШУТИС-Коосэн, ТТДС-Монгол Коосэн технологийн коллежийн оюутнууд болон, номын санд гардуулж өглөө.
Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын Монгол дахь тэргүүн Ц.Байгалмаа “Цаашид ч хэрэглээний математик, инженерийн мэргэжлийн номуудыг монгол хэлээр орчуулан оюутан, залуустаа хүргэх болно. Математик, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны онолууд инженерийн салбарт хэрхэн ашиглагддаг, улмаар инженерийн мэдлэгээ нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад яаж ашиглах зүйг монгол залуустаа таниулах, ирээдүйн бүтээлч инженерүүд бэлтгэх эрхэм үйлсийн нэг нь энэ болж байна” гэсэн юм.
Тус сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш нар зохиосон байна.
Японы Үндэсний Технологийн Хүрээлэн нь Монгол Улсад нэвтэрч эхэлсэн “Коосэн” загварын инженер технологийн боловсрол олгох сургалтыг бүх талаар дэмжин ажилладаг. Өнөөдрийг хүртэл хийсэн томоохон ажлуудын нэг нь хүүхэд, залууст хандсан оюуны хөрөнгө оруулалт болгож дээрх цуврал сурах бичгүүдийг зохиогчийн болон хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр монгол хэлнээ орчуулан гаргасан явдал юм. Одоогоор “Хэрэглээний математик”, “Шугаман алгебр”, “Материалын механик” номууд хэвлэгдсэн ба цаашид энэ цуврал үргэлжлэн инженерийн мэргэжлийн номуудыг орчуулан залуусын хүртээл болгоно.
Дээрх сурах бичгүүдийг өмнө нь Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд 50 ширхэг өгсөн бөгөөд цаашид ч инженерийн сургалт явуулдаг бүх улсын их сургууль, улсын номын сангуудад тодорхой тоо хэмжээгээр хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.
Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн
Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ