Жак Матай хийсэн уулзалтын тэмдэглэл

Дэлхийн эдийн засгийн форумын жил бүр Тяньжин, Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулдаг энэ удаагийн Зуны Давосын хүндэт зочин Жак Ма байв. Нэлээд нээлттэй ярилцсан уулзалтын тэмдэглэлийг тоймлоё. Товчхондоо юуг яаж хийхийг мэддэг байх хангалттай биш. Хамгийн гол нь яагаад, яах гэж хийж байгаагаа мэддэг бай гэж зөвөж байна. Тэр нь зорилготой бай, зорилгодоо хүрэх зоригтой бай, зоригоо чангалахдаа зөв бай гэсэн үг юм байна. Харимзтай, заалаа мундаг мэдэрдэг, ер нь бол маш сайн оратор нөхөр байна. Англи хэлийг дээд төвшинд эзэмшжээ. Асуудлыг жишээгээр их тайлбарлахаас гадна хошин шогийн хөөрхөн мэдрэмжтэй. 45 настайдаа тэтгэвэрт гараад далайн эрэг дээр тааваараа хэвтэж байгаад бурхан болно гэж төлөвлөжээ. 54 настайдаа өөрийн босгосон компани дахь албан тушаалаасаа бууж, үйл ажиллагаатай холбоотой ямар ч шийдвэр гаргалтад оролцохгүй болжээ. Гэхдээ намайг тоож зөвлөгөө авбал хэзээд бэлэн гэж байна.

Алибабаг босгоод хажууд нь удаан байхаар өөрөө ч хөгжихөө болихоос гадна бусдад боломж өгөхгүй дараад байгаагаа мэдэрсэн байна. Стив Жоб шиг компаниа нэг хүний нэр хүндээр дэнслэхийг хүсээгүй аж. 50 гараад ирэхээр ямар ч хүн аль болох биед амар ажилдаа шигдээд мөрөөрөө тэтгэвэрт гарахыг хүсдэг. Энэ хэрээр өөрийгөө тав тухын шоронд хорьж, хүсэл мөрөөдлөө таягдан хаядаг. Би тэгэхийг хүсээгүй тул ажлаа өгсөн гэнэ. Амьдралаас таашаал авч сур, хожим хойно харамсахгүйн тулд зоригтой шийдвэр гаргаж сур гэсэн шүү. Тэгвэл хүсэл мөрөөдөл нь юу вэ гэсэн боловсрол, байгаль орчин, гарааны бизнесүүд дээр ажиллана гэнэ. Гарааны бизнес гэдгээ IC чип картын бизнес 5 жилийн турш судалж байгаад эхлүүлж буйгаа зарлав. Магадгүй барууны чип үйлдвэрлэгчдээс хамааралгүй болох гэсэн Хятадын том бодлого байхыг үгүйсгэхгүй. Нууц мөрөөдөл нь өөрийн нэрийн вино гаргах юм гэсэн.

Хүүхэд насанд хүрээд тусдаа гараад өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд явдаг. Нас биед хүрсэн хүний амьдралд аав ээж нь оролцоод өмнөөс нь шийдвэр гаргаад байдаггүй. Компани үүнтэй яг адил гэнэ.

Би үүсгэсэн юм чинь гээд хамаг юмаа хамаад, бусдыг хажиглаад итгэхгүй, шийдвэр гаргах эрх мэдэл, ажиллах эрх чөлөө өгөхгүй бол компани дороо хямарч эхлэдэг. Удирдагч хүн үүнийг мэдрээд дор нь өөрөө холдох ёстой шүү гээд хатуу захив. 15 жил ажиллаж хүүхэд шигээ хайрладаг компаниа босгосон. Одоо үүнийгээ тусад нь гаргаад дараагийн 15 жилд дахин нэг хүүхэд бэлтгэнэ л гэнэ. Хүүхэд уйлахаар хүчээр дуугүй болгож болдоггүйтэй адил Жак Магүй компанийн хэл ам хэсэг яваад л аяндаа зогсож, хүмүүс үүнд дасах болно оо л гэнэ. Нэр алдартай болох тусам хүн хов живийн далайд сэлж сурах ёстойг сануулж байв. Юм болгон дээр эмзэглээд байвал та лидер биш гэнэ. Компаниа орхиж байгаа мэдээлэл гармагц түүнийг 120 тэрбум юань Алибабагаас аваад гадаад руу явж амьдарна гэдэг цуу гарсан юм байна. Бүр хамгийн дотны найзууд нь энэ ярианд үнэмшээд түүнээс лавласанд нэлээд гомдсон гэдгээ нуусангүй. Гэхдээ энэ бүх хов живээс болж үнэхээр их ядардагаа хэлж байв.

Түүний бахархал нь Алибабагаар дамжуулж Хятадын жижиг дунд бизнесийг хөгжүүлж, боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ажилтай болгосон нь юм байна. Үүнийгээ бизнес загвар биш байгууллагын соёл, хүний хөгжлийг анхнаасаа эрхэм зорилго болгосон тул гэж хэлж байна билээ. Амжилтын дараагийн нууц нь бие биенээсээ тэс өөр зан авир, хандлагатай хүмүүсээс бүрдсэн удирдлагын баг гэнэ. Энэ ялгаатай хүмүүс асуудлыг өөр өөрийн өнцгөөс харж, бие биенээ хурцалж, татаж, зөвшилцөж шийдвэр гаргадаг байжээ. Одооний санхүү эрхэлсэн захирлаа л их магтана билээ. Бараг албан тушаалыг нь авсан байх аа. Өөрчлөгдөж чаддаг хүн л хөгждөг юм гэж айлдав. Та нарын хэн нь хэнийгээ өөрчилсөн бэ гэхэд бүгд бие биенээ өөрчилсөн гэнэ. Харамч болгоомжтой санхүүгийн захирлын гар нь жаахан тэнийдэг болж, ам нь хуурай байдаггүй нэгний яриа нь жаахан цөөрсөн юм уу даа. Удирдлагын цөм багтаа гадны хүн оруулах тухайд асуухад цус сэлбэдэг ч дундаас орж ирсэн хүмүүс богино хугацааны амжилт хөөдөг сул талтайгаас гадна холын зорилго үгүй тул амархан шантардаг. Анхнаасаа зовлон жаргалаа хуваалцаад явсан хүмүүс бие биендээ гэхээс илүү зорилгодоо үнэнч байдаг юм шүү гэж байна. Анх 18-уулаа нийлж компани байгуулж байжээ. Энгийн ажилчид нь өдөрт 12 цаг ажилладаг бол удирдах албан тушаалтнууд хоногийн 24 цаг, харин партнер болсон бол насан туршдаа компанийнхаа төлөө ажиллах ёстой гэнэ. Ирээдүйд итгэхээс илүү төлөвлөх ёстой.

Төгс орчин гэж огт байхгүй. Байсан бол хэзээ ч өрсөлдөөн үүсэхгүй байсан.

Энтрепренэр хүний хувьд эдийн засаг мөнхийн асуудалтай, бизнес нь өдөр бүр л спарт ап байх болно. Асуудал дундаас л алдартай компани төрдөг тул асуудал их байгаа газар руу тэмүүл гэж байх юм. Гэхдээ боксчин чинь довтлох үедээ дайрч, хамгаалах үедээ ухрахыг зөвлөв. Тэр нь зөв юмыг зөв цагт хийхийг хэлжээ. Мөн нөхцөл байдал хэчнээн муудсан ч зөв үйл хийхээ зогсоож болохгүйг сануулав. Надаас яаж амжилтад тань шиг хүрэх вэ гэж олон хүн асуудаг. Өөрийн гэсэн үнэ цэнэ, бусдын төлөө сэтгэл зүрхтэй байхад аяндаа ажил бүтдэг. Битгий Жак Ма болох гэж хичээ. Зүгээр л өөрийнхөөрөө байгаарай л гэнэ. Бусдыг дуурайгаад чадах болов уу гэдэг айдсаас стресс депресс үүсдэг тул битгий тийм сармагчин болоорой гэнэ. Сайн уу, уучлаарай гэж хэлдэг залуус улам бүр багасч байгаад санаа зовдог ба залуу хүн бүр нийгэмд оруулах хувь нэмрээ ухамсарлах ёстойг олон давтаж хэлэв. Залуу хүмүүс өтлөхгүй юм шиг аашилдаг. Би тэдний насан дээр байсан. Тэд миний насан дээр ирэх л болно гэж ёжилж байв. Тиймээс хүн өөрчлөгдөж байж л хөгждөг гэдгээ л хэлээд байлаа. Моутай архи хийдэг найз нь борлуулалт муудаад, залуус дарс, шар айраг уудаг боллоо гэж гомдоллоход удахгүй тэд хөгшрөөд хүссэн хүсээгүй моутай авдаг болно оо гэж зөвлөсөн гээд инээж байв.

Дорнын соёл harmony буюу хоорондын зохицол, бүлийн харилцаа дээр тогтдог бол барууны соёл өрсөлдөөн дээр үндэслэдэг.

Үүнээс болж соёл, харилцааны зөрчил үүсдэг арга, билэг шиг тэнцвэртэй авч явах ёстойг ойлгосноо хэлсэн. Иймээс ялангуяа өнөө цагт форум хэлэлцүүлэг аль болох олон хийх ёстойг учирлав. Ингэж байж хоёр туйлд гарсан хүмүүсийг хооронд нь уулзуулах ба зүрх, тархи хоёрын хослол манай нийгмийг хөгжүүлнэ. Харин биесэж үзэн ядаад, хоорондоо уулзахгүй, нэгнээ сонсохгүй бол хэзээ ч бид урагшаа алхаж чадахгүй, хамгийн гол машин, роботоос ялгагдахгүй гэв. Сийрэг толгойтой нэгэн супер робот бүтээдэг ч зүрх сэтгэлтэй нэгнийг тэр супер машин хэзээ ч ялж чадахгүй тул бие биенээ хүндэлж хайрла гээд яриагаа дуусгав. Гэсэн ч Америк, Хятадын худалдааны дайнаас үүдээд 1 сая ажлын байрыг Америкт бий болгоно гэж Трампт хэлсэн амнаасаа буцаж байгаагаа нөгөө 2 америк конгрессмэний Тяньжинд хийсэн хэвлэлийн бага хурлын дараа мэдэгдсэн байна лээ.

https://www.facebook.com/ganzorig.vanchig

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …