Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 19. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.