Залуучуудын зуны спортын III олимпийн наадам аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест болно. Уг наадамд дэлхийн 206 орны 4600 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.
Манай улсаас 11 тамирчин, есөн дасгалжуулагч нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлэн болжээ. Тамирчид 6 спортын төрөлд оролцох бөгөөд чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй баг тамирчид “Буэнос-Айрес 2018”-д өрсөлдөнө.
Мөн шүүгчдээс хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, байт харвааны шүүгч Э.Саруул болон сэтгүүлчээр А.Амаржаргал нар ажиллахаар болсон байна.
Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллахаар болжээ.
“Буэнос-Айрест 2018”-д 11 тамирчин зургаан спортын төрөлд оролцохоор бэлэн болсон бөгөөд баг тамирчдын түрүүч Аргентинийг зориод байна.