Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширсан. Энэ өдөр хотын төвийн авто зам дээр 26 зам тээврийн осол, автомашин эвдэрч, унтран зам дээр зогссон 9 саад гарч автозамын хөдөлгөөн саатахад нөлөөлсөн байна. Энэ өдрийн осол, саатал нь ердийн өдрийнхөөс 60%-иар өссөн байна.
Тухайлбал:
- Улаанбаатар хотод өдөр 13:40 цагийн орчимд бороо орж улмаар замын хөдөлгөөний хурд удааширч эхэлсэн бөгөөд, 13:56 минутад Байгалийн түүхийн музейн урд 3-11 гражийн дугаартай том оврын автобус жижиг тэрэгтэй шүргэлцэж зам тээврийн осол гарснаас шалтгаалж Бага тойруу, Сүхбаатарын гудамж Хүрдийн уулзвар, Хүнсний 1-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Их сургууль Самбуугийн гудамж, мөн цаашлаад Бээжингийн гудамж хүрч нийт 4 талаас ачаалал авч эхэлсэн уг ослын улмаас авто замын зорчих хэсгийг 14:25 цаг хүртэл 29 минутын турш саатуулсан.
- Энхтайваны өргөн чөлөөнд 14.34 минутанд Сүхбаатарын талбайн өмнө зүүнээс баруун тийш чиглэлд Автобус жижиг тэрэгтэй шүргэлцэж автозамын зорчих хэсгийн 1,2 дугаар эгнээг хааж зогссон, мөн үүнтэй зэрэгцэн авто замын 3 дугаар эгнээнд троллейбус эвдэрч зогссон нь автозамын зүүнээс баруун тийш явсан бүх эгнээ хаагдаж 30 минутын турш зорчих хэсэг хаагдсан. Энэ ослын улмаас Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 зам, Бөхийн өргөөний уулзвар, Токиогийн гудамж, МУБИС-ийн уулзвар, Бага тойруу, Гадаад хэргийн яамны уулзвар, Их сургуулийн гудамж, Олимпийн гудамжинд бүхэлдээ түгжрэл үүсч хөдөлгөөн саатсан.
- Мөн замын эсрэг урсгал буюу Гадаад хэргийн яамны ард Энхтайваны өргөн чөлөөнд зүүнээс баруун тийш явсан чиглэлд 14:45 цагт 13-173 дугаартай Автобус эвдэрч зогссон нь замын түгжрэлд нэмж нөлөөлж үүнээс шалтгаалж Төв шуудангийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Бага тойруу, Цаг уурын уулзвар, УИД хүртэл ачаалал нэмэгдсэн.
- Бөхийн өргөөний хойд зам дээр 16:17-аас 16:40 цагийн хооронд Автобус шатахуун дуусч зогсон замын хөдөлгөөнд 13 минут саад учруулсан.
Тухайн өдөр хотын төвийн хэсэгт гарсан зам тээврийн ослын 7 нь нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой байсан байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэдэд хөдөлгөөний бодит мэдээллийг шуурхай хүргэх үүргийнхээ дагуу хөдөлгөөний нөхцөл байдлын тухай шуурхай мэдээллийг UBS телевизийн 14:30 минутын шууд нэвтрүүлэгээр, мөн Авто радио FM96.3-аар 10 минут тутамд ослын байршил, замын нөхцөл байдлын бодит мэдээллийг хүргэсэн.
- Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цаг тухайд нь гэрлэн дохионы горимыг төвөөс шууд удирдаж, хөдөлгөөн зохион байгуулалтыг шуурхай хийж, мөн Нийслэлийн Замын цагдаагийн газрын биет зохицуулагч нартай хамтран ажилласан.
- Тухайн өдөр цахилгааны хязгаарлалт хийгдсэний улмаас тог тасарч улмаар 7 уулзварт нийтдээ 5 цаг 08 минутын хугацаанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио ажиллаагүй байна.
Хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн, хальтиргаа гулгаа үүссэн үед жолооч нар туйлын анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож бие биенээ хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгч, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцох шаардлагатайг мөн, хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохио, техник хэрэгсэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгааг харуулж байна.