Тагнуулын Ерөнхий газрынхан өнгөрсөн мягмар гарагт Сүхбаатар дүүргийн нутагт “Голомт” хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр гадаадын иргэн Монгол Улсын нутагт тагнуул хийсэн үндэслэлээр нэгэн эрийг сатуулж, түрээсэлдэг байранд нь нэгжлэг хийсэн. Тус хэрэгт холбогдуулж ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах албанаас гурван иргэнийг баривчилсан бөгөөд шүүх тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Нийслэлийн прокурорын энэ сарын 3 нд яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М,А,В нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,9-2 т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оноохоор заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэснийг үндэслэн шийдвэрлэжээ.
Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан ” Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол улсын нутагт дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хорих ял шийтгэн” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тагнуулын саатуулсан гурван иргэний нэг нь БНХАУ-ын иргэн Ван овогт нөгөө хоёр нь Монгол улсын харьяат иргэд гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин