НИТХ-ын хороодын хамтарсан хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хороо, Хүний хөгжлийн хороо, Ногоон хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.15/ боллоо.
Хамтарсан хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нэрэмжит гудамж бий болгох тухай” асуудлыг хэлэлцэж, хороодын гишүүдийн олонхын саналаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ.
2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүний хөгжил, боловсрол, нийгмийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Нийслэлийн ЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа. Тухайлбал, 5000 ажлын байр бий болгох, аялал жуулчлалын бүс хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, “Улаанбаатар” брэндийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн сайн сайхны индексийг 10 хувиар нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой зорилтууд дэвшүүлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгцээ, санхүүжилтийн үндэслэлд анхаарч, иргэдэд бодит үр дүнг хүргэхүйц байдлаар эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чанар, стандарт, сургуулийн орчны аюулгүй байдал, цэцэрлэгийн тоглоомын талбайн ашиглалт болон сургууль, цэцэрлэгийн камержуулалтын талаар тодруулсан юм. Холбогдох албаныхны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд сургуулийн орчимд 19,200 орчим камер ажиллаж байгаа бөгөөд “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн спорт заалгүй гурван сургуулийн хоёрынх нь асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт багш, ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаадын сургалтад хамруулах 80 хүний сонгон шалгаруулалтын талаар тодруулж, энэ тоог нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатайг хэллээ. Түүнчлэн багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, тэр дундаа орон сууцны асуудлыг бодлогоор шийдвэрлэхэд анхаарахыг санал болгов.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан 538 төсөл, арга хэмжээний хэрэгцээ, санхүүжилтийн үндэслэлийг нарийвчлан тооцох хэрэгтэйг онцоллоо. Тэмцээн, уралдаан, туршлага судлах зэрэг арга хэмжээний үр дүнг тодорхой үнэлж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг нийслэл өөрөө хэрэгжүүлэх эсэхийг дахин авч үзэх нь зүйтэй гэв. Мөн 52 арга хэмжээний санхүүжилтийг бууруулах замаар 30-40 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой эсэхийг судлах санал гаргалаа. Үүнтэй холбогдуулан холбогдох албаныхан 2027 оны төсөв хэлэлцэх явцад төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дахин нягталж, шаардлагатай тохиолдолд хасах, бууруулах боломжтойг тайлбарлав. Тухайн арга хэмжээг төсөвт тусгах эсэх шийдвэрийг хэлэлцүүлгийн явцад гаргаж, үндэслэл, тайлбарыг тухай бүр танилцуулж ажиллахаа мэдэгдлээ.

Төлөөлөгч Л.Ариунтуяа өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгах, ажил гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд анхаарах, хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг хэлэв.
Түүнчлэн нийслэлийн шөнийн гэрэлтүүлгийг сайжруулах нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул энэ чиглэлийн ажлыг хөгжлийн төлөвлөгөөнд бодитоор тусгах хэрэгтэйг төлөөлөгчид онцоллоо. Ийнхүү хамтарсан хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр дэмжлээ.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын …