Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-аас Налайх дүүрэгт “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурлын нийгмийн бодлогын хорооны дэд дарга, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн С.Тунгалаг, хүний эрхийн үндэсний комиссын захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул, гэр бүл, хүүхдийн сэтгэл судлаач Т.Мөнхгэрэл нар оролцсон юм. Тэд өсвөр насныхан, тэр дундаа охидод ямар бэрхшээл тулгарч буйг илтгэлдээ дурдаад, хэрхэн, яаж шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Өсвөр насныхны төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, бзхө-өөр өвчлөх охидын тоо нэмэгдэж буй аюулын харанга дэлдэж байгаа тухай хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Тиймээс төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага хамтран өсвөр насныхан руу чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Хүүхдийн эрхийг хамгаалах, тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэх хүйсийн тэгш оролцоо гээд олон асуудал анхаарлын төвд байгаа. Өөрт тулгарласан бэрхшээлийг шийдэхдээ найз нөхөд, ээв ээжийнхээ дэмжлэг, туслалцааг авч чадахгүй яваа охин олон бий. Бусадтай нээлттэй харьцаж чадахгүй, дотоод ертөнцөө “шархлуулж” явдаг өсвөр насныхан олон байна гэсэн үг. Хоёр том гүрний дунд оршин тогтнодог, хүн амын олонх нь залуус, тэр дундаа охид олонтойгоороо манай улс онцлог. Тиймээс охидын хөгжил, хамгаалалд онцгой анхаарал хандуулж, зөв хүн болгон төлөвшүүлэх, цаашлаад итгэл үнэмшилтэй байж, тавьсан зорилгодоо хүрэх монгол иргэнийг бий болгохын тулд нийслэлийн итх, түүний дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд олон ажил өрнүүллээ. Цаашид холбогдох бүх алба, газартай хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн хамтран хэрэгжүүлсэн “Нарны охид” төслийн хүрээнд байгуулсан охидод зориулсан танхимыг нээв. Эл танхимд охид өөрийнхөөрөө байж, өөрсдөдөө зориулсан ном, товхимол уншиж, тулгарч буй бэрхшээлээ бусадтай хуваалцах боломжтой. Гэхдээ энэ нь данц ганц хүчирхийлэлд өртсөн охидод зориулсан танхим биш юм. Таван чиглэлээр мэргэжлийн багш нар хичээл заах тул хүссэн бүхэнд хаалга нь нээлттэй байхыг “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа онцолсон. Тухайлбал, тус танхимд ирснээр охид чөлөөтэй ярилцаж, гоо зүйн зөвлөгөө зэргийг авах боломжтой аж.
Хэлэлцүүлэгт оролцсон албаны хүмүүс хүүхэд хамгаалал, тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар илтгэл тавьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц байгааг ярилцсан юм. Тэдний байр суурийг хүргэе.
М.Эрдэнэтуяа: “Нарны охид” төслийг бүх дүүрэгт хэрэгжүүлнэ
(Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийгмийн хөгжлийн хорооны дэд дарга, төлөөлөгч)
-Налайх дүүргээс эхлүүлж буй “Нарны охид” төслийг үлдсэн дүүргүүдэд хэрэгжүүлэх саналыг Нийгмийн хөгжлийн хорооноос гаргаж, хэрэгжүүлэх болсон. Бид охид, хөвгүүдийн хөгжил, гэр бүлийн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж байгаа. Хүүхдийг төрийн хамгаалалтад авах хамгийн гол ажлыг нийгмийн ажилтнууд хийж байгаа. Тиймээс хүүхэд хамгаалал, хөгжлийн арга хэмжээнд хороо, дүүргийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг татан оролцуулна. Мөн хүүхэд хамгааллын болон боловсрол олгох төвүүдэд нэмж төсөв тавиулах, нэмэлтээр ажиллуулах хууль, сэтгэлзүйчдийн зардлыг ч нэмж тусгуулна.
М.Мөнхдэлгэр: Өсвөр үеийнхний сэтгэцийн өвчлөл нэмэгдлээ
(Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга)
-Өдгөө 10-19 настай хүүхдүүдийг өсвөр үеийнхэн гэж байгаа. Гэтэл сүүлийн үед өсвөр насныхан сэтгэцийн өвчнөөр өвчлөх нь нэмэгдлээ. Үүнээсаа болоод амиа хорлох үйлдэл хийж байна. Мөн бие нь бүрэн хөгжиж дуусаагүй байхдаа ээж болж буй охидын тоо олширч буй. Тухайлбал, өнгөрсөн жилд нярайлсан нийт эмэгтэйн 4.1 хувь нь өсвөр үеийнхэн байсан. Үүнээс гадна үр хөндүүлж буй өсвөр үеийнхний статистик өсөж байна. Ер нь бэлгийн боловсролгүйн улмаас элдэв халдварт өвчин тусаж, хорт зуршилтай болохын зэрэгцээ дэлгэцийн донтой болж байгаа. Манай газар өсвөр үеийнхний дунд тандалт, судалгаа хийж, “Өсвөр үе залууст ээлтэй клиник” ажиллуулж эхэлсэн. Мөн үеийнх нь хүүхдүүдээр хичээл заалгаж буй. Цаашид төрийн байгууллагын уялдаагаа сайжруулж, өргөтгөх шаардлага байна. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл зан үйлд дадуулах нь хамгийн эхний алхам боллоо.
С.Тунгалаг: Гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой
(Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн)
-Хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хэн нэгэн этгээд хүч чадал, эрх мэдэл, давуу талаа ашиглан дарамт, шахалт учруулах нь хүчирхийлэл юм. Сүүлийн жилүүдэд охид хүчирхийлэлд өртөх нь олширлоо. Тиймээс хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, тэр дундаа өсвөр насны охидын хамгаалах чиглэлээр манай газраас нэлээд олон ажил санаачилж буй. Энэ хүрээндээ дүүрэг бүрт сэтгэл зүйч ажиллуулж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх байгууллага хамтран гэр бүл рүү чиглэсэн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай.
Х.Мөнхзул: Уламжлалт хандлагаа өөрчлөх шаардлагатай
(Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамт ажиллагааны хэлтсийн ахлах референт)
-Охидод ханддаг нийгэм, сэтгэл зүйн уламжлалт хандлага арилахгүй амь бөхтэй байсаар байгаа нь охидын эрхийн зөрчилд нөлөөлж буй. Анхнаас нь л “Чи эмэгтэй болохоор гэр бүлдээ үйлчлэх ёстой. Энэ чиний хариуцлага” гэж сургадаг. Үүнээс нь болоод охид өөртөө итгэлгүй болдог. Тиймээс эл уламжлалт хандлагаа өөрчлөх шаардлагатай.
Дээрээс нь бэлгийн болон нөхөн үржихүйн асуудалтай холбоотой төрийн хяналтыг сайжруулах ёстой. Хувийн эмнэлгүүдэд хийж буй үр хөндөлтийн талаарх мэдээлэл байдаггүй, үр зулбуулах эмийг хэрэглээг ч хянаж чадахгүй байна.
Т.Мөнхгэрэл: Найз шиг нь асуудлыг сонсох хэрэгтэй
(Сэтгэл судлаач)
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа алдаа гаргасны уршгаар хүүхдүүд өөртөө итгэлгүй болдог. Насанд хүрсэн хүмүүс өсвөр наснхыхантай харьцахдаа ихэвчлэн захиргааддаг. “Чи хүүхэд учраас миний хэлснээр байх ёстой. Ямагт томчуудын зөв” гэдэг байр суурьнаас хандаж байна гэсэн үг л дээ. Үүнээс үүдээд хүүхдүүд аав, ээжтэйгээ бус найзуудтайгаа ярилцаж, сэтгэлээ нээдэг. Ингээд буруу шийдвэр гаргана. Бүр цаашлаад ганцаардал, сэтгэл гутралд автдаг. Тиймээс хүүхэдтэйгээ амьд харилцаатай байж, найз шиг нь асуудлыг сонсох хэрэгтэй.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ