УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ засаг захиргааны анхан шатны нэгж болох багийг дэмжих, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үүнтэй холбогдуулан зорилтот олон ажлуудыг эхлүүлсэн билээ.
Үүний нэг нь “Эргэх Холбоо-15” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ‘Эргэх холбоо” ТББ-тай хамтран өнгөрөгч Бямба, Ням гарагт зохион байгуулсан “Зүрхээ хайрлая” уриатай спортын олон төрөлт наадам байлаа.
Тус наадам нь хүн амын нас баралтын зохилох шалтгаан болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа хөгжүүлэх, спортод хандах идэвхи сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой байсан юм.
Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Батноров, Биндэр, Норовлин, Галшар, Дадал сумд болон Бэрх хотын харьяат, тухайн сумдад ажиллаж, амьдарч буй 25-аас дээш насны иргэд гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр шилдгийн шилдэг сумаар Дадал сум, дэд байранд Биндэр сум, гутгаар байранд Бэрх хотынхон шалгарч сумандаа “Garden шатар” буюу шатрын гадаа талбай тохижуулах эрхээр тус тус шагнууллаа.
МУГЖ Д.Жаргалсайхан спортын наадмыг нээн ая дуугаа өргөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Хасу Мегаватт” ХХК-ний Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Батбаяр нар тамирчиддаа мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм.
ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборт болсон “Зүрхээ Хайрлая” спортын олон төрөлт наадамд оролцсон нийт 250 гаруй тамирчид зүрх судасны өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, хүүхэд насаа дурсан хоёр өдрийг спортлог, эрүүл, эрч хүчтэйгээр өнгөрүүллээ.