Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 8. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. 02:03 цагт сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.