АмЧам Монгол АНУ-ын бизнес эрхлэгчдийн Монголд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгууллаа

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2018 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд анх удаа АНУ-ын Худалдааны Яамны итгэмжлэгдсэн бизнес айлчлалыг Монгол улсад зохион байгууллаа.

Тус бизнес айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон байгаль орчны техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн таван компани Монгол улсад зочилсон юм.

Энэхүү бизнес айлчлал нь АмЧамын хувьд анх удаа зохион байгуулсан арга хэмжээ бөгөөд өнгөрсөн арван жилийн хугацаанд болж буй анхны итгэмжлэгдсэн айлчлал гэдгээрээ онцлогтой аж.

АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд тус бизнес айлчлалыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү айлчлал нь энэ онд хоёр улсын харилцаанд өрнөсөн олон чухал үйл явдлын үргэлжлэл болж байгаа юм.

Монгол Улсад айлчлалаар АНУ-ын Худалдааны Яамны Олон Улсын Худалдааны газрын Хятад, Монголын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Алан Турлие болон Монголын асуудал хариуцсан дарга Жэн Гон Кросс нар оролцсон юм. Бизнес айлчлалын бүрэлдэхүүнд Ag World International, The Blueshirt Group, Danaher Coporation, Global Star Inc., Waters Corporation зэрэг компаниудын төлөөлөгчид олон чухал арга хэмжээнд оролцсон юм.

Айлчлалын хүрээнд АНУ-ын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад бизнесийн харилцаа тогтоох, Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудтай хийсэн тусгай арга хэмжээнд оролцох, АмЧам Монголын зүгээс Монгол Улсад Америкийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг таниулан сурталчлах зэрэг ховор боломжуудыг олгосон айлчлал болж өнгөрлөө.

Айчлалд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны өмчийн газар, АмЧамын гишүүд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагуудтай уулзаж, танилцсан юм.

Мөн айлчлалын үеэр ирсэн төлөөлөгчид Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн төлөөллүүдтэй ганцаарчлан уулзаж, ирээдүйд хамтран ажиллах талаар тодорхой ярилцах боломжийг олгосноороо онцлогтой болж өнгөрлөө.

Энэ удаагийн бизнес айлчлал нь Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр амжилттай болж өнгөрсөн ба ирсэн төлөөлөгчид Монгол улсад бизнесийн түншлэл бий болгох, ирээдүйд бусад олон чиглэлээр Монгол улсад АНУ-аас хөрөнгө оруулалт татах үндэс суурийг тавьж өгсөн юм.
АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …