Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Ноёд хатагтай нар аа,
Даяаршил, өндөр технологийн хөгжил, нөөцийн хомстол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг орчны хувьсал өөрчлөлтөөс үүдэж энэ зуунд дэлхий нийтийн өмнө олон сорилт бэрхшээл тулгараад байгаа билээ. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгээс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр зэрэг түүхэн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж эхлээд даруй гурван жил өнгөрч байна.
Өнөөдөр энд чуулж байгаа Ази, Европын уулзалт бол бидний үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшний хөгжлийн алсын хараа, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгэн чухал арга механизм гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.
Түүний дотор 2016 онд болсон Дээд түвшний 11 дүгээр уулзалтын Улаанбаатарын тунхаглалд заасны дагуу АСЕМ-ын орнууд Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэх, уялдаа холбоог бүхий л хүрээнд хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд идэвхтэй хамтран ажиллалаа.
Хүндэт төлөөлөгчид өө,
Монгол Улсын хувьд нэг талаас АСЕМ-ын үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулах, нөгөө талаас манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулж байгаа АСЕМ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлздэг.
Үнэхээр ч Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёлын хамгийн том түншүүд бол АСЕМ-ын орнууд байдаг. Тиймээс эх газрын хатуу уур амьсгал, далайд гарцгүй байрлал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл зэрэг өөрийн орны өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад АСЕМ-ын түншүүд, хөрш улсуудаа түшиж тулан, олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.
Бид сүүлийн арав гаруй жил, түүний дотор 2016 оноос хойш Монгол-Орос-Хятад гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тодорхой хэлэлцээрүүдийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улстай худалдаа хийх боломж өсөн нэмэгдлээ. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төслүүд хэрэгжүүлж эхлэх, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх болон Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын үндэслэлийг хамтран судлах зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улс АСЕМ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сүлжээ байгуулахыг дэмждэг ба манай улсын санаачилгаар байгуулагдсан Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-өөр дамжуулан тус сүлжээний үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Хүндэт төлөөлөгчид өө,
Зүүн Хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Тиймээс бид бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг хөгжүүлэхийг зорьж Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг хурал, арга хэмжээг санаачлан тууштай хөгжүүлж ирсэн.
Монгол Улс сүүлийн үед Солонгосын хойгт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг талархан сайшааж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ, хүчин чармайлт нь бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна.
Бид Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдлын төдийгүй эдийн засаг, соёлын зэрэг бусад хүрээнд өргөжүүлэх санал санаачилга дэвшүүлэх, бүс нутгийн орнуудын энэ чиглэлийн санаачилгыг дэмжих, нэгдэх чиглэлээр ажиллаж байна.
Миний бие өнгөрсөн сард Владивосток хотноо болсон Дорны эдийн засгийн форумын үеэр цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалсан.
Хүндэт төлөөлөгчид өө,
АСЕМ бол цаашид бидний хамтран тодорхойлсон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд суурилсан ажил хэрэгч механизм байх ёстой, АСЕМ-ын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын тавцан дахь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудад АСЕМ-ын орнууд нэгдсэн байр суурьтай хандах нь чухал гэсэн түнш орнуудын саналыг бид бүрэн хуваалцаж, дэмжиж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэж хэллээ.