Энэ жилийн хүүхдийн баярын хамгийн сонирхолтой тоглолт, “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” театрчилсан тоглолтод “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцон тоглож буй билээ. Сүүлийн үед олон сайхан уран бүтээл, авьаяслаг жүжигчдээрээ үзэгчдийн талархлыг хүлээх болсон тус театрынхан Динза, Цондоолойгийн энэ удаагийн тоглолтыг маш сонирхолтой, хөгжилтэй болгох нь гарцаагүй.
Тун удахгүй хүүхдүүд та бүхний хүртээл болох гэж буй “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтын бэлтгэлийн үеэр “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагайтай уулзаж ярилцлаа.
– Юуны өмнө Монголын ирээдүй болсон алдрай бяцхан үрс, хөөрхөн дүү нартаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Мөрөөдлийн театр нь хүүхдийн уран бүтээл хийдэг заншилтай болсоор 3 дахь жилтэйгээ золгож байна. Бид анх “Зургадугаар сард зочилсон өвлийн өвгөн” дараа нь “Их ид шидтэн” хүүхдийн жүжиг тавьж байсан бол энэ удаа манай улсын шилдэг Агентлагийн нэгд зүй ёсоор багтдаг Ирмүүн Медиа Групптэй хамтран тоглолт хийх гэж байна.
Бид хамтарч тоглолт хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Учир нь Ирмүүн бол Монголын хүүхдүүдийн оюунд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага. Мөн жил бүр хүүхдийн баярын тоглолт хийдэг сайхан уламжлалтай, тэр тусмаа эдгээр тоглолтууд нь тун амжилттай болж, маш олон хүүхдийг хамарч чаддаг. Энэ хамт олны брэнд болсон арга хэмжээ шүү дээ.
Тиймээс Ирмүүнтэй хамтарч ажиллаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Манай хоёр хүчтэй бүрэлдэхүүн нэгдэж энэ удаагийн тоглолтыг тавихаар урам зоригтой, хичээн ажиллаж байна. Тийм болохоор энэ жилийн тоглолт сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Ирмүүний зохион байгуулдаг тоглолтын талаар өмнө нь мэддэг байсан уу?
– Драмын театрын жүжигчин байхдаа Динзагийн тоглолтод оролцон тоглож байсан л даа. 2009 онд анх тоглосон санагдаж байна, тэр үед хар сүнсний дүрд тоглож байсан бол энэ жил мөн сүнсний дүрд тоглож байгаа. Ингэж жүжигчний хувьд Динзагийн тоглолттой холбогдож байлаа.
– Мөрөөдлийн театрын жүжигчид хэн хэний дүрд тоглож байна вэ?
– Батаа маань харь гарагийн ахлагч, жанжин болж байгаа. Эрхэмээ бид хоёр 500 болон 400 жилийн настай сүнсний дүрд тоглоно. Муу талын сүнснүүд л дээ. Харин Дөлгөөнөө Цондоолойгийн дүрд, Динза, Жижгээ нарт манай театрын залуу уран бүтээлчид тоглож байна.
– Динза, Цондоолойгийн өмнөх жилийн тоглолтуудаас энэ жилийнх ямар онцлогтой байх бол?
– Энэ жилийн тоглолт маань илүү мюзикль талдаа, бүжиг, дуу ихтэй болж байна. Энэ удаагийн уран бүтээлийн маань найруулагчаар бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа. Бүжиг, дуу, жүжиглэлт дээр жигд ажилладаг учраас түүнийг урьсан юм. Тиймээс бүжиглэлт сайтай, дуутай сайн тоглолт болно, үүний төлөө бид хамтдаа өдөр, шөнөгүй гар нийлэн ажиллаж байна.
Өөр нэг онцлог бол зохиол нь их сайн болсон, манай театрынхан үүнд сэтгэл их хангалуун байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань компьютер, видео тоглоомонд их донтдог болжээ. Энэ нь эцэг эхчүүдийн санааг маш зовоож байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс энэ хорт зуршлаас нь салгахын тулд хүүхдэд хүчээр хэлэх биш харин урлагаар дамжуулж, зөөлөн аргаар хэлж өгөх ёстой юм. Мөн монгол хүн бүр экологи, байгаль дэлхийгээ хайрлая, хамгаалая гэж ярьдаг болсон. Бид ч уран бүтээлээрээ дамжуулж энэ тал дээр дуу хоолойгоо хүргэе, хүүхдүүддээ ойлгуулая гэж хүссэн юм. Энэ хоёр чухал санааг зохиолд тусгаж өгсөн учраас хүүхдүүдэд төдийгүй аав, ээж нарт ч нэгийг бодогдуулах тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байгаа.
– Их сургамжтай, ухаарал хайрласан мөн дуу, хөгжимтэй сонирхолтой тоглолт болох юм байна. Тоглолтоо үзэхээр тэсэн ядан хүлээж буй хүүхдүүддээ хандаж юу хэлэх вэ?
– Мөрөөдлийн театр, Ирмүүн Медиа Групптэй хамтран энэ удаагийн уран бүтээлээ хүүхэд багачууддаа толилуулахад бэлэн боллоо.
Эх орныхоо байгаль ус, ургамлыг хамгаалж, аварч үлдэх нь яагаад чухал вэ гэдгийг бидний тоглолтоос үзэж, ойлгоорой, баяраа тэмдэглэнгээ энэ сайхан уран бүтээлээ ирж үзээрэй хэмээн урьж байна. Хүүхдүүд та бүхнийг уйдаахааргүй олон сайхан сюрприз гарна шүү.
Хүүхдүүд ээ, хайртай дотны андуудтайгаа хамтдаа нэг өдрийг сайхан өнгөрүүлцгээе.
“Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ХАС Банк ажиллаж байгаа юм байна. Ирмүүн Медиа Группийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тоглолт нь манай хотын хүүхдэд зориулсан хамгийн том соёлын арга хэмжээний нэгд тооцогддог. Тоглолтын талаарх мэдээллийг 318073, 70116117, 99770707, 99049143, 99016154 утсаар авч болох ажээ.