Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Бид бэлтгэл ажлыг хангаж байна. Нисэх онгоцны буудал барих ажлыг сэргээх нь цаг агаарын нөхцөл зэргээс шалтгаалах боловч аль болох яаралтай эхлүүлэхийг хичээж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Японы Тээврийн сайд Кэйити Ишиигийн мягмар гарагт мэдэгдсэнээр, Окинавагийн эрх баригчдын дээрх шийдвэрийг тус улсын Батлан хамгаалах яамны хүсэлтээр хүчингүй болгосон байна.
Окинава мужийн хүн ам шигүү суурьшсан Гинован хот дахь АНУ-ын цэргийн баазыг хаах шийдвэрийг Японы Засгийн газар бүр 20 гаруй жилийн өмнө гаргаж байв. Уг баазыг эхлээд Окинава мужаас гаргахаар төлөвлөж байсан боловч дараа нь арал дотроо Хэноко хотод шилжүүлэн байрлуулах, мөн үүний тулд тус хотод шинэ нисэх онгоцны буудал барих шийдвэрийг гаргажээ. Мужийн эрх баригчид оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан энэ шийдвэрийг эсэргүүцсэн боловч Японы төв Засгийн газар хүлээж аваагүй байна.