Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ.Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.
Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ“Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь нүүдэлчин түмний билэг авьяас, эрдэм ухаан, ур чадварын илэрхийлэл болсон соёлын хосгүй өв морин хуураа уламжлан хөгжүүлж, үндэснийхээ урлаг соёлыг судлан сурталчлан түгээн дэлгэрүүлж байгаа монгол үндэсний урлаг соёлын дархлаа нь болсон хамт олон юм. Монгол, Япон хоёр улсын соёлын харилцааны гүүр болсон Морин хуурын чуулга Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэж байгаад баяр хүргэж, хоёр улсын найрамдалт хамтын харилцаа үргэлжийн мөнхөд хөгжин цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.
Мөн тэрбээр 2004 онд Монгол, Японы дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт морин хуурч Ардын жүжигчин Ц.Батчулуун агсанд Японы Эзэн хааны шагнал “Мандах нар” одонгийн Сарнай цэцгэн хэлбэрт товч бvхий “Нарны алтан туяа” зэрэглэлийн одон олгож байсан бол 15 жилийн дараа Морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгож буй явдал нь хоёр улсын харилцаанд Морин хуурын чуулгын оруулсан хувь нэмрийг бататгасан хэрэг болж буйг онцоллоо.
Тус чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш, төр засгийн өндөр хэмжээний айлчлал болон олон улсын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон “Морин хуурын олон улсын наадам”, “Дэлхийн соёлын нээлттэй наадам”, “Азийн дуу хөгжмийн наадам”, “Дэлхийн соёл, Азийн хөгжим” зэрэг дуу хөгжмийн наадамд тогтмол амжилттай оролцож тэргүүн байр, Гран При шагналыг хүртэж байснаас гадна гадаадын 30 гаруй орноор аялан тоглолт хийсэн бөгөөд тэр дундаас НҮБ-ын Төв танхим, ЮНЕСКО-гийн чуулганы танхим, Австрийн филармони, АНУ-ын Карнегийн танхим зэрэг дэлхийн нэр алдартай олон тайзнаа үндэснийхээ хосгүй өв соёлыг сурталчлан таниулж соёлын элчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм.