Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Индонез улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-10-нд зохион байгуулсан паралимпийн III наадамд Монгол Улсаас нийт 40 тамирчин, 14 дасгалжуулагч оролцсон юм.

Энэхүү наадамд амжилттай оролцож Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр /2018.11.02/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Манай тамирчид спортын есөн төрөлд / жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын төрөлд/ оролцсон бөгөөд нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм.

Тухайлбал, “Жакарта-2018” Азийн пара наадмаас Монгол Улсын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдоч ОУХМ А.Мөнхбат 66 кг-д хүрэл медалийг хүртсэн.Харин жүдо бөхийн 90 кг-д Д.Эрдэнэбаяр нь хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний хувьд олон улсын чанартай анхны медаль нь юм. Эмэгтэй жүдо бөхийн ОУХМ Н.Алтанцэцэг нь +78 кг-д барилдаж хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр өмнө нь 2014 оны Инчеоны Азийн наадмаас хос алтан медаль, 2015 оны Будапештын ДАШТ-ий шагналт 5 дугаар байрт шалгарсан туршлагатай тамирчин билээ.

Хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн хоёр төрөлд оролцсон ОУХМ Э.Өнөрмаа бөөрөнцөг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2018 оны Бээжин Гран при”-д уг 2 төрөлдөө алтан медаль хүртэж байсан юм.

Тус наадмаас манай тамирчид нэг алтан медальтай хүрэлцэн ирсэн нь МУГТ Э.Содномпилжээ байсан. Тэрбээр пауэрлифтингийн төрөлд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медаль, АНЭУ-ын Дубай хотноо 2015 онд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медалийн тус тус хүртсэн.

Энэ удаагийн Жакартагийн Азийн пара наадамд спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …