Даамчин Б.Мишээл мөнгөн медаль хүртлээ

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн охидын ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Беларусь улсын Гомель хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан билээ.

Спортын мастер Б.Мишээлийн хувьд ОХУ-ын О.Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигджээ. Тэрбээр өмнө нь 2016 онд Туркийн Измирт болсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртсэн юм. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байрт шалгарсан бөгөөд хожсон бол хүрэл медаль хүртэх байв. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарлаа. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …