Монгол Улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн тулгуур заалт бий. Харин өнөөдөр энэ заалтыг хууль, шүүхийн өмнө гишгэлэн хаяж, дураараа дургидаг 76 эрхэм монголд бий болоод удаж байна.
“Хууль тогтоогч” гэсэн зарим нэгэнд нь бол үнэхээр ахадсан гоё нэртэй тэдгээр эрхмүүд тендерийн мөнгийг хэдэн зуун саяар нь халаасалж, төрийн ордонд нэгийгээ барьж авч алчихаа шахаж, зарим нэг нь эхнэр хүүхдийнхээ дансаар хэдэн арван тэрбум төгрөг эргэлдүүлж байгаад гарцаагүй баригдсан ч өнөөдөр маасайтал инээгээд л төрийн ордны хонгилоор таваргаж явна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий барьж хууль, шүүхийнхний хулхийг буулгадаг тэдний даварсан үйлдлүүдэд даруулга тогтоохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зорилготой хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлээд ч амжилт олоогүй.
Энэ оны эхээр УИХ дээр унасан уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ”, “Мөрдөн байцаагчийн саналд үндэслэн Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах хүсэлт гаргана” гэсэн заалт тусгагдаад байсан. Гэвч хоёр дахь заалт нь парламентын гишүүдийг “айлгаж, ичээсэн” тул арьсаа хамгаалахын тулд шулуухан л татгалзацгаасан.
Ингэснээр парламентын гишүүд гэмт хэрэгт холбогдсон ч өмнөх шигээ халдашгүй дархан эрхтэй байж, хууль хяналтынхан өнөөдөр ч тэднийг яаж ч чадахгүй байгаа.
Хууль хяналтынхан өмнөх хоёр парламентын үед цөөнгүй гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаас эрхэм түшээдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөгүй учир хэрэг шалгах, шийдвэрлэх ажил мухардалд орсон юм. Жишээ нь, Л.Гүндалай, О.Чулуунбат, Д.Дондог нарыг дурдаж болно. Тухайн үед тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хэд хэдэн удаа тавьсан ч ёсоор болгож өгөөгүй.
Тиймээс тэд гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүн нэрээр халдашгүй дархан эрх эдэлж, хамгаалагдсаар өнөөдрийг хүрэв. Энэ байдлаараа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан гэм нүгэлтэй этгээдүүд цаашид ч Үндсэн хуулийн заалтыг даажигнаж, Эрүүгийн гэмт хэрэг өдүүлсээр л байх бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдан эдлэх ёстой ял, зэмлэлээ эдлээгүй зарим нэгэн цагаан захтнуудыг эргэн сануулъя.
Хөвсгөлөөс гурван удаа УИХ-ын гишүүний сэнтийд заларч дөнгөсөн Л.Гүндалай хуулийн байгууллагынханд цөөнгүй удаа шалгуулж байсан. Улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон дуулиан дэгдээж явсан нөхөр. Эрүүл мэндийн сайдаар ажилласан богинохон хугацаандаа яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хутгалдаж байсан.
Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэж шалгасан ч хэрэгсэхгүй болгуулж амжсан зайтай толгой.
Түүний дараа өнөөдрийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг дурдах ёстой. Монголбанкны ерөнхийлөгч байхдаа дансны аргаар мөнгө “идсэн” гэж шалгуулж байсан. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшнл” компанитай 200 сая ам.долларын аккредитив гэрээ байгуулснаас “Монгол банк”, “M and P” компанид гурван сая гаруй долларыг хүү болон торгуулийн хамт төлж, их хэмжээний хохирол учруулсан асуудлыг дэлгэж байв.
Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая ам.долларын хэмжээг хэтрүүлэн 10 сая ам.долларыг ОХУ-ын “Кредит транс” банкинд байршуулсан гэх мэдээлэл байдаг. Хуулийн байгууллага дээрх асуудлыг нэхэн шалгасан ч УИХ-ын гишүүн гэдгээр нь түдгэлзүүлж улсад өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан нэгэн.
Тэгвэл өнөөдрийн УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярыг АТГ-аас бусдын автомашиныг дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт шалгаж байсан.
Тодруулбал, тэрбээр хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завджээ. Тиймээс ч түүнд
Эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-т шалгаж байсан ч УМБГ-т шилжүүлсэн. Учир нь түүний хэргийг эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэрэгтэй нэгтгэн шалгахаар болсноор ийнхүү шилжүүлжээ. Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 21 дансаар дамжуулан онц их хэмжээний буюу 13 гаруй тэрбум төгрөгийг байршуулан, угаасан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа. Намрын чуулган хэдийнэ эхэлсэн ч үйлдсэн хэрэг, угаасан мөнгөнийх нь тоо тодорхой шахуу Ё.Отгонбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хамгаалагдсаар л явна. Хоёрхон сарын өмнө өрөөндөө дуудан уулзаж “Сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн зөвлөж байсан З.Энхболд дарга ч Ё.Отгонбаяр гишүүндээ дахин үг хэлэх зориггүй болж.
УИХ-ын гишүүн гэгч халдашгүй эрхийн цаана ийм л гэмт хэрэгтнүүд нуугдсаар өнөөдрийг хүрлээ. Жирийн иргэн хүн цагдаатай заамдалцсаныхаа төлөө гурван жилийн ял аваад явж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн заалт амьдрал дээр газар, тэнгэр шиг ялгаатай хэрэгжиж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо мөн.
Гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг хууль, шүүхийн өмнө дуудан ирүүлж, шударгаар шүүх цаг хэзээ ирэх бол.