Баттөмөрийн Гэгээнсар “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3-р ангид сурдаг. Сургуулийнхан нь түүнийг “Мөрөөдлийн театр” хамтлагийн Баттөмөр буюу Батаагийн охин гэдгээс гадна авьяаслаг сурагч гэдгээр нь андахгүй. Б.Гэгээнсар маань саяхан дэлгэцнээ гарсан “Том 6 толгойт” хүүхдийн инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, үзэгчдийн хайрыг татаад байгаа билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-“Том 6 толгойт” киноны ямар дүрд нь тоглосон бэ?
-Сараа гэдэг хөдөөгийн охины дүрд тоглосон. Зургаан толгойгийнх нь нэг.
-Анх удаа кинонд тоглосон уу. Жүжиглэх ямар санагдсан бэ?
-Тийм ээ, анх удаа кинонд тоглосон. Надад их гоё санагдсан. Зураг авалтын үеэр эхэндээ ядарч байсан ч сүүлдээ гайгүй болсон. Зуны амралтаараа кинонд тоглоод их сонирхолтой байсан.
-Гэгээнсар маань жүжиглэхээс гадна өөр ямар авьяастай билээ. Чамайг их гоё бүжиглэдэг гэсэн, тийм үү?
-Би дуулж, бүжиглэх, жүжиглэх дуртай. Анх явж байсан цэцэрлэгтээ би байнга уйлдаг байсан болохоор өвөө, эмээгийнхээ гэрийн ойролцоо байдаг “Амилиа” цэцэрлэгт явж эхэлснээс хойш уйлахаа больсон. Шинэ цэцэрлэг маань үргэлж урлагийн арга хэмжээ хийж, зөндөө бүжиглүүлдэг байсан болохоор тэнд л сурсан даа.
-Кинонд жүжиглэсэн гэхээр ангийнх нь хүүхдүүд их сонирхож байна уу?
-“Баяр хүргэе. Ямар мундаг тоглосон юм бэ. Инээдтэй царай гаргаж байсан” гэж байна лээ.
-“Том 6 толгойт” кинон дээр юуны тухай гардаг вэ?
-Хөдөө огт явж үзээгүй дөрвөн найз нэгийгээ аавтай нь уулзуулах гээд хотоос 400 км хол байдаг Булган аймгийн Бугат сумын Зүрхэт уул руу микронд суугаад явдаг. Яагаад гэвэл тэр найз охиных нь аав тэнд амьдраад эхнэр, охин хоёроо хүлээж байгаагаа бичсэн захиаг нь охин олж уншаад уйлж байсан болохоор найзууд нь туслахаар шийддэг. Тэр дөрвийн суусан машин замдаа эвдэрч, нэг өвөө Портерт суулгаж өгсөн чинь дахиад эвдэрчихдэг. Тэгээд Булганд очсоныхоо дараа замаа олохгүй ууланд төөрчихдөг. Тэднийг Цэрэнпил гэдэг дүрд тоглосон найзтайгаа бид хоёр олоод гэртээ авчирдаг. Цэрэнпил Булган аймгийн Сайхан сумын яг хөдөөгийн хүүхэд. Энэ хооронд аав, ээж нь хүүхдүүдээ хайж ирдэг. Киноны төгсгөлд нөгөө охиноо аавтай нь уулзуулаад дуусдаг юм.
-Тэгэхээр чиний дүр сайн хүүхдийн дүр байсан байх нь, тийм үү?
-Миний дүрийг ээж маань яг над шиг, хэрсүү, сониуч дүр байна гэж хэлсэн.
-Жүжиглэхэд аав нь тусалж байв уу?
-Аав зураг авалттай гээд хөдөө явчихсан байсан. Манай киноны зураг авалт 20-иод хоног болсон. Аав яг дуусахаас нь хэд хоногийн өмнө бид нар дээр ирсэн. Тэгээд “За камер луугаа харж болохгүй шүү, инээхгүй шүү” гээд зааж өгсөн. Манай найруулагч зохиолыг нь өгөөд, яриад яриад явчихдаг байсан. Эсвэл өмнөх орой нь ярьж өгдөг байсан.
-Жүжигчин аавтай байх ямар байдаг вэ?
-Найзууд маань бас жүжигчин аавтай байх гоё уу, хэцүү юү гэж асуудаг. Жүжигчин аавтай байх гоё. Гэхдээ жаахан завгүй л байдаг. Хөдөө гадаа явчихдаг.
-“Том 6 толгойт” кинон дээр муу дүр гардаг уу?
-Муу дүр байсан. Модны хулгайч нар. Бид яг амьдрал дээр очсон чинь Булганд нуур ширгэчихсэн, хүмүүс хог хаячихсан, зөндөө олон мод тайраад дүүрэн хожуул байсан. Тэнд ганцхан нарийхан мод үлдчихсэн байсныг хараад би хүмүүст маш их гомдсон. Тэр модны хулгайч нар үнэхээр муухай, байшин барих гээд моднуудыг тайраад явчихдаг. Цаасыг бас модоор хийдэг гэсэн.
Бас тэнд алтны уурхай байсан. Уурхайн хажууд байдаг ус нь аймар бохир муухай, гоё байгальтай газрыг баахан нүхтэй, шороо болсон газар болгоод хаяад явчихсан байсан. Нүх рүү нь жижигхэн ямаа, ишиг, хонь, хурга уначихдаг. Ирж авахгүй бол үхчихдэг гэсэн. Цэрэнпил бид хоёр жижигхэн ишигтэй. Тэр ишиг маань явсаар байгаад байнга алтны уурхайн нүх рүү орчихдог байсан. Бид хоёр ишгээ олохгүй байвал шууд тэр уурхай руу л явдаг байсан.
-Чи хөдөө хэр их явдаг вэ. Эсвэл кинонд тоглохдоо л хөдөө очиж үзсэн үү?
-Хөдөө их явдаг. Ялангуяа, энэ зун Завхан явлаа. Булган хоёр удаа явсан. Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймаг гээд баруун тийшээ 1000, зүүн тийшээ 1000 км зөндөө олон газар явсан.
-Гэгээнсар ямар хичээлдээ дуртай вэ?
-ICT гээд компьютерийн хичээлдээ хамгийн дуртай. Сая гуравдугаар ангиас орж эхэлсэн. Мөн science гээд шинжлэх ухааны хичээлдээ дуртай.
-Сургуулийнх нь юу нь чамд хамгийн гоё байдаг вэ?
-Манай сургууль үнэхээр гоё. Манай сургууль ихэнх сургуулиудаас илүү их зүйл сургадаг гэж боддог. Зургийн хичээл дээрээ гоё зурдаг, дуу хөгжим, шинжлэх ухаан, математикийн хичээлийг маш гоё хөгжилтэй заадаг. Бас монгол, англи хэлийг гүнзгийрүүлж үздэг. Би сургуульдаа үнэхээр их дуртай. Сая долоо хоногийн амралтын өдрүүдээр их уйдсан. Эргээд хичээлдээ орсон чинь их гоё байна. Багш нар маань ерөөсөө загнадаггүй, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
-Чи ямар ном унших дуртай вэ?
-Монгол, англи хоёуланд нь дуртай. Ялангуяа, танин мэдэхүй, шинжлэх ухааны номонд их дуртай.
-Тэгвэл ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Жүжигчин болно гэж боддог.
-Шинжлэх ухааны хичээлдээ дуртай юм чинь эрдэмтэн болохгүй юм уу. Аль нь гоё вэ?
-Шинжлэх ухааны юмнууд хийхэд дэлбэрчихвэл аймшигтай юм болно. Тийм учраас болгоомжтой байх хэрэгтэй. Харин жүжигчин бүх өдрийн турш нэг хувцастай, олон удаа зураг авдаг нь хэцүү. Гэхдээ сайхан тал нь гэвэл шинжлэх ухаанч болбол шинэ юм бүтээдэг нь гоё. Харин кинонд тоглоод дараа нь өөрөө үзэхэд гоё санагддаг.
-Чи дахиад кинонд тоглоё гэж бодож байна уу?
-Ээж кинонд тоглох бүх саналыг авахгүй, зохиолыг нь уншиж байгаад шийднэ гэсэн. Ээж намайг кинонд нэг их тоглоод яах юм бэ, том болоод л тоглоорой гэсэн.
-Ер нь санал хэр их ирдэг вэ?
-Ирдэг. Гэхдээ ихэнхдээ гэр бүлээрээ тоглох санал ирдэг. Сая миний дүү Ялгуунаа аавтайгаа нэг рекламанд тоглосон.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Би нэг, хоёр, дөрөв дэх өдөр хичээлээ тараад бассейнд явдаг. Гурав дахь өдөр нь сургуулийнхаа төгөлдөр хуурын дугуйланд явдаг. Тав дахь өдөр бол тараад шууд гэртээ харьдаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.