Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд тус барилдаанд зодоглов. Энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарав.