НИТХ-ын дарга С.Амарсайхан “Ирэх жилээс бид хот төлөвлөлтийн бодлогодоо анхаарч ажиллана. Хот төлөвлөлтийн бодлого гэдэг бол иргэдийн амьдрах орчныг бүрдүүлсэн, аюулгүй байдлыг хангасан, ямар нэг байгалийн гамшиг, элдэв осол эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гамшиг ослын үед цаг алдахгүй асуудал үүсэхгүй байхаар шийдвэрлэх хэмжээнд төлөвлөгдсөн байх ёстой. Ийм учраас Хот төлөвлөлтийг 2040 он хүртэл хөгжүүлэх, энэ асуудлын үндэс суурийг оновчтой төлөвлөх үүднээс “Хот төлөвлөлт, судалгааны институт”-ыг нийслэлд байгуулж ажиллахыг зорьж байна. Өмнө нь ийм байгууллага нийслэлд байгаагүй.
Зураг төслийн, Ерөнхий төлөвлөгөөний газрууд гээд хот төлөвлөлтийн асуудлыг ерөнхийд нь зураглаад орхидог байсан. Гэтэл цаана нь хот ямар чиглэлээр хөгжих юм, инженерийн шугам сүлжээний ямар байх ёстой вэ, иргэдийн хүсэл эрмэлзэл юу байна вэ гэх зэрэг олон асуудлыг хотын стратеги төлөвлөлтөд нарийн тусгаагүй явж ирсэн нь бидний алдаа болжээ. Тэгэхээр 2019 онд хийх том ажлуудын нэг бол судалгааны институттэй болох явдал.
Энэ институтаараа дамжуулаад гадна дотны экспертүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг болно, тэдний үйл ажиллагааг байнгын болгосноор Хот төлөвлөлтийг зөв зохион байгуулах боломж бүрдэнэ. Цаашлаад 21 аймагт Нийслэлийн хот төлөвлөлтийн зөв бодлого тусгал болж буух ёстой” гэв.