Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг 20 жилийн хугацаанд юу хийж бүтээснээ удахгүй тайлагнах болно

 48614_91589_500x5008771555412013-10-08-11-54[www_urlag_mn]Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж буй тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай цөөн хором ярилцсанаа хүргье.

-Хурд хамтлагийн 20 жилийн ойн энэ онд тохиож байна. Энэ талаар?

– Хурд  хамтлаг  тэртээх 1993 оноос тасралтгүй, ухарашгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхисон байна. Энэ 20 жилийнхээ ойн хүрээнд олон газруудаар явж тоглолоо. Энэ жилийн хувьд Өвөрмонгол улсын сонсогчиддоо хандсан тоглолтуудыг маш их хийж байна. Мөн энэ зун Дархан, Эрдэнэт, Дорнодын  нутгаар тоглолтоо хийсэн. Мөн энэ сарын 19-ны өдөр “Хөх хотод” манай хамтлаг томоохон хэмжээний тоглолтоо хийх гэж байгаа.  Хөх хотод саяхан шинээр байгуулагдсан найман мянган хүний суудалтай соёл урлаг, спортын ордонд элэг нэгт туургатнуудадаа тоглох юм. Мөн ирэх арваннэгдүгээр сард Монгол түмэндээ зориулан тоглоно.

-Монгол түмэндээ зориулсан 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын тов нь гарсан уу?

– Биднийг 20 жилийн турш сонсож, дэмжиж хамтдаа байсан үнэнч фенүүддээ зориулсан ойн хүндэтгэлийн тоглолтоо Улаанбаатар паласын концертын их танхимд арваннэгдүгээр сарын 29, 30-нд тоглохоор товоо зарлаад бэлтгэж эхлээд байна.

Фенүүддээ баяртай мэдээ дуулгасанд баярлалаа. Ойн тоглолт ихээхэн онцлогтой болох байхдаа?

– Тийм шүү. 20 жилийн ой тохиож байгаа болохоор яахын аргагүй цаг заваа төлөвлөж, тоглолт болоод бусад арга хэмжээнүүддээ их анхаарал хандуулан ажиллаж байна. Зөвхөн нэг тоглолт хийгээд өнгөрөх биш “Хурд” хамтлаг ямар уран бүтээл энэ хугацаанд гаргав аа, хүмүүст  үлдэх юу хийж байна гэдэг нь чухал байна. Тэгэхээр бид ойдоо зориулж баримтат кино мөн “Хурд” гэсэн акустек гитар хийж байгаа. Түүнчлэн ном туурвиж байгаа, ер нь монголын рок попын түүхэнд өөрсдийнхөө түүхээр ном гаргасан уран бүтээлч байдаггүй юм байна. Аан дэлхийн том хамтлаг, уран бүтээлчид ойгоороо сонсогч фенүүддээ зориулж тэдэнд дурсамж болон үлдэх бүтээлүүдийг гаргасан байдаг юм байна лээ.

-Тоглолтын бэлтгэлдээ орцон уу. Хэр явж байна даа?

-Бид энэ ойн тоглолтондоо бүтэн 20 жилийн турш бэлтгэж ирсэн гэхэд болно. Мөн ойн тоглолтынхоо наана нь Хөх хотод очиж монгол туургатан олонтойгоо баяраа хамт тэмдэглэх гэж байна. Энэхүү тоглолтоо дуусгаж ирээд арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд тоглолтын ажилдаа бүх хүчээрээ орно доо.

– Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ойн тоглолтуудад нь өндөр амжилт хүсэн ерөөе. Монголын рок урлагийн төлөө 20 жил тасралтгүй зүтгэж ирсэн шигээ 40 жил бүр цаашлаад 60 жил зүтгээрэй хэмээн хүсье баярлалаа.

-Баярлалаа. Таныг урлагийн тэнгэр ивээг хэмээх гайхалтай уриатаагаар үйл ажиллагаагаа эрхэлдэг танай www.URLAG.mn сайтын эрхэм хамт олонд манай хамтлаг чинь сэтгэлээсээ баярлаж явдагаа илэрхийлээд, уншигчдад нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан: Э.Цэнд-Аюуш

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …