Их Британийн Лондон, Кент болон Зүүн Суссекс зэрэг зүүн өмнөд нутагт үйл ажиллагаа явуулдаг төмөр замын компани эмэгтэй жолооч нарын тоог нэмэгдүүлэх кампанит ажлыг явуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар нийт жолооч нарын 5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд 2021 он гэхэд энэ үзүүлэлтийг 40 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Зүүн өмнөд нутгийн төмөр замын үйлчилгээний компанийн захирал Элли Бюрроусын хэлснээр, төмөр замын салбарт эрэгтэйчүүд давамгайлах ёстой гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийгэм өөрчлөгдөж байна, бяцхан хөвгүүд тоглоомон галт тэргээр, харин охид хүүхэлдэйгээр л тоглодог гэх үзэл хоцрогдсон гэжээ.
Мөн уг компанийн аль ч салбарт ажилд орох өргөдөл гаргаж болох талаар эмэгтэйчүүдэд таниулан мэдүүлсэн санаачилгыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгийн үеэр эмэгтэй ажилтнуудад зөвлөгөө өгөх хийгээд тэднийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг явуулсан байна.
“Инженерээс эхлээд жолооч хүртэлх янз бүрийн салбарт ажиллах чадвартай олон мянган эмэгтэйчүүд бий. Тээвэр үйлчилгээний компаниудын томоохон төлөөлөгчийн хувьд ажиллах хүчний хүйсийн тэгш байдал ихээхэн ач холбогдолтой юм” гэж Э.Бюрроус онцлон тэмдэглэжээ.