Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ.
Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм.
Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн Дэвжээ”, “Депод” ХХК”-ийн бөх, аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном шалгарав.
Их шөвөгт Ж.Ням-Эрдэнэ, Дунд шөвөгт Ховд аймгийн арслан Д.Бадамгарав, Ш.Мөнх-Од, Булган аймгийн заан Э.Энх-Амгалан, Завхан аймгийн начин Д.Батбаатар нар шалгарав. Уран барилдааны шагналыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн харцага Б.Өлзийсайхан хүртлээ.