Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өчигдөр тус холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж байна.
2016 онд анх удаагаа Монгол Улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр хүндтэйгээр зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцжээ. Буянт-Ухаа спортын ордонд нийт хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээн нь хоёр өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаяр“Анх 26 жилийн өмнө Японд зургаан хүүхэд очоод жил болж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр зургаан хүүхдийн нэг нь би байсан бөгөөд дөнгөж очоод Макушта зиндаанд намайг түрүүлж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан байдаг. 23 жилийн өмнө хадаг сүүтэй тамгаа надад гардуулж өгч байсан. Тэр цагаас хойш 30-аад монгол залууст Японы мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн. Эдгээр залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна. Одоогоор дөрвөн аварга төрөөд байгаа. Ингэснээр дэлхийд тэр дундаа Японд Монгол гэж ямар улс орон байдгийг таниулж, мэдрүүлж өглөө. Японы үндэсний спорт сүмо Монголоор амьсгалж байна. Монголын бөхчүүд маш амжилттай барилдаж байна.” гэв.
Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойн хүрээнд олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ. Түүний нэг нь хүүхдүүдийн гар зургийн уралдаан юм.
“Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдаад 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой гар зургийн уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага:
Уралдаанд 8-16 хүртэлх насны хүүхдүүд оролцоно.
Гар зургийн аль ч төрлөөр оролцож болно.
А3-аас дээш хэмжээтэй цаасан дээр зурсан байна.
Зургийн ард өөрийн Овог нэр, Нас, Хаяг, Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
Баяр эзэлсэн оролцогчид уралдааны шагнал гардуулах ёслолд өөрөө болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт заавал хүрэлцэн ирнэ.
Уралдааны шагналын сан:
Нэгдүгээр байр: Япон улсад аялах, Дисней лэнд үзэх эрх
Хоёрдугаар байр: Iphone X гар утас
Гуравдугаар байр: 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Шагналт байр: 2 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны материалыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сан, “Кёкүшю тауэр”-ын 1 давхарт хүлээн авна.
Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна. Шилдэг бүтээлийн эзэнд Япон улсад аялж, башё үзэх эрх, удаах байруудад Iphone X гар утас, таван зуун мянган төгрөгөөр урамшуулах аж.
Ойн зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ы үеэр үзэгчдийн дунд 10 азтан шалгаруулах бөгөөд сүпэр азтан “Жалам хар” брэндийн мотоцикл, удаах 4 азтан тус бүр хагас сая төгрөг, азтай таван үзэгч тус бүр 200 мянган төгрөг хожино. Барилдааны үеэр урлаг, соёлын алдартнууд ая дуугаа өргөхөөс гадна өөр олон сонирхолтой сюрпризүүд үзэгч олныг хүлээж байна.
Сүмог шимтэн үздэг үзэгчдийн дунд “21 аймгийн иргэдээс хэн нь сүмо мэдэх вэ” сэдэвт АХА танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамтран зохион байгуулах аж.