Томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяатжүжигчин С.Жавхлангийн уранбүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг шүүхийн шатанд гацжээ. Энэ тухай болон шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
–Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Мобиком” компанид гаргасан гомдол хэрхэн шийдэгдэж байна вэ. Өнгөрсөн жилээс эхэлсэн асуудал байх аа?
-Зохиолч, дуучид, сэтгүүлчид зэрэг оюуны өмч бүтээдэг хүмүүс бүтээлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Гэтэл Монголын сэхээтнүүдийн оюуны өмч, бүтээлийг янз бүрийн хэлбэрээр хулгайлж, ашиглаж, нийтэд тарааж, өөрсдийн орлого болгодог тохиолдол түгээмэл байдаг. Үүний нэг тод жишээ “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар утасны бүх үйлчилгээнд ашигласан байдаг. Энэ асуудлаар “Мобиком” корпорацид хандахад, хариуд нь “Манайх 13 сая төгрөг л олсон. Түүнийг нь өгье” гэсэн. Тиймээс шүүхэд хандаж, шинжээч томилоход “Мобиком” корпораци С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн орлого, ашиг олсон нь тогтоогдсон. Цэвэр ашиг нь 84 сая төгрөг болсон гэсэн. Мэдэгдэж байгаа нь энэ.
–Тэгээд С.Жавхлан заргаа авч чадсануу?
-300 сая ч бай 84 сая ч бай ямартаа ч С.Жавхлангийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. 28 саяас дээш төгрөгийн асуудалд их хэмжээний оюуны өмчийн хулгай гээд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Шинжээчийн дүгнэлт гараад асуудал шийдэгдэж байх хооронд “Монгол контент” гэх компани гарч ирсэн. Тэд “Мобиком” корпораци С.Жавхлангийн дууг хулгайлаагүй, манай компани ашигласан гэж мэдэгдэх болсон. “Монгол контент” С.Жавхлангийн дууг гэрээ байгуулахгүйгээр авч ашигласан үйлдэлдээ хоёр жилийн өмнө Оюуны өмчийн газраас захиргааны арга хэмжээ авахуулсан юм билээ. Гэтэл хоёр жилийн өмнөх асуудлыг сөхөж Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргачихаж байгаа юм. Тэгээд С.Жавхлан, “Мобиком” хоёрын асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр “Монгол контент” компани Оюуны өмчийн газрын Захиргааны хэргийн шүүхэд байгаа хэргийг шийдэж дууссаны дараа шийднэ гээд буцаачихсан. Дөрвөн өөр субьект байхад ингэж хамааруулж үзэж байгаа нь хэргийг удаашруулж, шийдвэрлэхгүй байх хариуцагч талын увайгүй оролдлого. Бид заргаа авна гэдэгт итгэлтэй байгаа.
-“Мобиком”, “Монгол контент” нэг ашиг сонирхолтой гэж ойлгож болох нь ээ?
-“Монгол контент” компанийг “Мобиком”-ын өмгөөлөгч, хуульчид нь төлөөлж байх жишээтэй. Хоёр компани гэж харагдаж байгаа боловч хэрэг дээрээ ашиг сонирхол нэгтэй. Энэ хэрэг хэзээ шийдэгдэх нь тодорхой бус байна.
–Тэгвэл шүүх байгууллага хараат бус байдлаа хангаж чадахгүй байна гэж та үзэж байна уу?
-Үгүй, дээрхи тохиолдолд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай байсан гэж үзэж байгаа. Одоо бол цаг хугацаа л алдаад байгаа юм. Харин Монголд хараат бус шүүх байгааг би үгүйсгээгүй, гэхдээ гол нь эдийн засаг, эрх зүй, нийгмийн баталгааг нь дэлхийн стандартын төвшинд хүргэж хуульчлах нь чухал юм. Гадны том компаниуд, нөлөө бүхий этгээдүүд, байгууллагууд Монголын шүүхээр бус өөрсдийн улсын хараат арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх сонирхолтой, тэгж ч чадаж байгаа. Иймээс Монголд бүртгэлтэй бол Монголын шүүхээр шийдвэрлүүлэх тийм л эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын \үүнд мөрдөн байцаах байгууллага хамаарна\ ахуй хангамж, эрх мэдэл хангалттай бус, хэрэг маргааны харьяаллын асуудал ойлгомжгүй байна. Практик амьдралд “Оюу толгой”, “Центера гоулд” гэх мэт томоохон компаниуд, гадаадын том байгууллагууд, мөнгө эрх мэдэл бүхий хүмүүст тэр бүр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж чадахгүй байна. Гэтэл адил төстэй асуудлаар жирийн монгол иргэнд эрүү үүсгээд шийтгэж байгаа тохиолдол элбэг. Иймд Монголын шүүх, хууль сахиулах байгууллага хангамж сайтай, халдашгүй, хараат бус байж тэднийг хазаарлана. 1990-ээд оны үед албан тушаалтнууд, Ерөнхий сайд ч шүүхээс дуудахад очдог байсан. Харин одоо дотоод, гадаадын томоохон компанийн захирлууд, төрийн эрх бүхий албан тушаалтнууд шүүхээс дуудахад хэн нь ч ирэхээ больсон. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон.
–Шүүхийн багц хуулиар шинэ алхам хийсэн олон зүйл байгааг таны
саяхны нэгэн нийтлэлд дурдсан байсан?
-Тийм. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Ерөнхий зөвлөл, шүүхийн төсвийг УИХ-д шууд танилцуулдаг болгосноор Засгийн газраас хараат бус болгож байгаа. Энэ чухал шийдлийг УИХ-ын гишүүд дэмжих ёстой. Монголд хамгийн өндөр цалинтай байх нэг субьект бол шүүгч. Шүүгчээс өөр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргадаг хувь хүн байхгүй. Тэр хэмжээгээрээ тэднээс хариуцлага шаардах ёстой бөгөөд төрөөс эдийн засаг, эрх зүй, нийгмийн баталгааг нь хангахыг Үндсэн хуульд заасан байдаг.
Эх сурвалж: