Даваа гарагт АНУ-ын Чикаго хотын эмнэлэгт болон эмнэлгийн ойролцоо зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас эмч, их сургуулиа төгсөөд удаагүй байсан эмийн санч болон цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн байна.
Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, нэгэн эмч эмэгтэй эмнэлгийн гадаа хуучин найз залуутайгаа маргалдаж байсан бөгөөд тун удалгүй залуу буу гаргаж ирэн гал нээж эхэлсэн аж.
Гэмт этгээд мөн хэргийн газарт амь үрэгдсэн ба тэрбээр цагдаа нартай буудалцах үеэрээ амиа алдсан эсвэл амиа егүүтгэсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Чикаго хотын захирагч Рамм Эмануэль мэдээлэхдээ, манай хотод асар эмгэнэлтэй явдал тохиолоо хэмээгээд, хохирогч нар бүгд өөрийн дуртай зүйлээ хийх үедээ харамсалтайгаар амиа алдсаныг онцлон тэмдэглэжээ.
“Энэ он гарсаар АНУ-д 13 мянга орчим хүн зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагад өртөн амь үрэгдсэн” гэж Галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийн мэдээллийн сангийн цахим хуудсанд мэдээлжээ. Үүний зэрэгцээ 25 мянга орчим хүн шархдаж, цагдаагийн 250 гаруй албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх үедээ гэмтэж бэртжээ.