Үнэндээ Япончууд гадны бөхийг аварга болгох тун дургүй. Мэдээж, өөрийнх нь үндэсний бөхийн спортоор гадны хүн аварга болж, гадны бөхчүүд ноёрхоно гэдэг тийм ч таатай зүйл биш. Манай үндэсний бөхөөр хэн нэгэн гадаадын этгээд аварга болж байна гээд төсөөл л дөө. Тиймдээ ч Япончууд Их аварга Д.Дагвадоржийг бараг хүчээр шахуу зодог тайлуулсаны дараа дахин гадаадын бөхийг аварга болгохгүй гэх үзэл дээрээ хатуу зогсохоор шийдсэн. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр энэ цагийн эгэлгүй хүчтэнээр Харумафүжи Д.Бямбадорж яах аргагүй тодорч, яах аргагүй түүнд аварга буюу Ёкозуна цол олгосон. Харин “Наран” орны спортын ертөнцөд бас нэгэн түүхэн давтагдах шахаад байна.
Учир нь Японы мэргэжлийн сүмогийн Ёкозунагийн зөвлөл өнгөрсөн оны 11 дүгээр сард шинэхэн аварга Харумафүжи Д.Бямбадоржийгзодог тайлуулах тухай асуудал хөндсөн нь нэлээд шүүмжлэл дагуулж байлаа.
Тэд Ёкозунагийн зөвлөл Токио хотын Кокугикан ордонд хуралдахдаа Ёкозуна Харумафүжи өнгөрсөн башёд тун хангалтгүй амжилт үзүүлсэн, энэ нь түүнийг сумогийн дохёг орхих хэмжээнд ч хүргэж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэтэл Ёкозунагийн зөвлөл Харумафүжи Д.Бямбадоржийг дахин унагахаар, хүчээр зодог тайлуулахаар ил цагаан ярьж эхэлсэн байна.
Тэд Ёкозуна Харумафүжи нагоя башёд заавал түрүүлэх ёстой гэх хатуу шаардлагыг Хошито Учияма мэдэгджээ. Мөн Харумафүжи ирэх долдугаар сарын башёд хоёроос дээш унавал зодог тайлуулахаар зориудаар нөлөөлнө гэдгээ ч ил тод мэдэгдсэн байна.
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг тэд сүүлийн хоёр башёд хангалттай хэмжээнд барилдаагүй хэмээн үзэж байгаа бөгөөд заавал түрүүлж байж, аваргын байр сууриа хадгалж үлдэнэ, эс бөгөөд хүчээр зодог тайлуулна гэлээ.
Энэ үйл явдал өмнөх 68 дахь Их аваргын зодог тайлуулахаар дарамт шахалт үзүүлж байсантай ижил байна гэх ч хүмүүс ч байна. Үнэндээ саяны хурал “Дараагийн башёд тааруу барилдвал шууд, хүчээр ч хамаагүй зодог тайлуулна шүү гэх сануулгатай адил. Түүгээр ч зогсохгүй Харумафүжид асар их сэтгэлийн дарамтыг нэмсэн хэрэг болж байх шиг. Өөрөөр хэлбэл түүнийг сэтгэл санаагаар дарамтлаж байна гэж ч үзэж болмоор харагдана.
Учир нь өнгөрсөн 11 дүгээр сард ийнхүү мэдэгдсэнээс хойш Ёкозуна Харумафүжи тийм ч сайн барилдаагүй нь энэ бүх сэтгэл санааны дарамтаас болсон гэхийг үгүйсгэхгүй. Гэвч одоо дахин ийнхүү ил тодоор хэлж байгаа нь улам ч их дарамтыг авчирах биз.
Эх сурвалж: чухал.мн