Их Британийн Цагдаагийн газар Солсбери болон Эймсбери хотод хүн хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн шинэ дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Хууль сахиулагчид цаашид мөрдөн шалгах ажил явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон нийтэд хандаж хүсчээ. Холбогдох мэдэгдлийг Их Британийн нийслэл хотын Цагдаагийн газрын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлсэн байна.
Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт Английн Солсбери хотод “Новичок” гэдэг хорт бодисын төрөлд хамаардаг мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг саатуулдаг бодисоор хордуулсан хэрэгт сэжиглэж буй Александр Петров, Руслан Боширов нарыг харж үзсэн байж магадгүй хүмүүсийг мөн хорт бодисын гарал үүслийг мэддэг хүмүүсийг Скотленд-Ярдын ажилтнууд олохыг оролдож байгаа аж.
Их Британийн тусгай албаныхан Александр Петров, Руслан Боширов нарыг Оросын Тагнуулын газрын ажилтнууд гэж үзэж байгаа юм. Петров, Боширов хоёр телевизийн “RT” сувагт ярилцлага өгч, энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгджээ.
Солсберийн хэрэгт Москва оролцсон байх өндөр магадлалтай гэж Лондон мэдэгдсэн билээ. Оросын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцсээр байгаа бөгөөд Скрипалийг хордуулсан бодисыг үйлдвэрлэх хөтөлбөрийг Зөвлөлтийн үед ч ОХУ-ын үед ч хэрэгжүүлж байгаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.