Балетчин Д.Одсүрэнг Германы төр манай иргэн болооч хэмээн гуйлаа

Сайн, сайхан мэдээ сонсох бүрт уншигч таны сэтгэл баярлах мэдрэмжээр “халгиж, цалгиж”, эргэн тойрныхоо хүн бүрт уламжлан дамжуулах хүсэлд автдаг нь лавтай.

Тэр хүнийг огт танихгүй хэрнээ зөвхөн түүний л тухай олж мэдэхийг хүснэ. Гаргасан амжилт, хүрсэн алдар хүндэд нь ерөөл өргөж, бахархан бахдах сэтгэлээр өөрөөсөө өндөрт залахыг хүснэ. Энэ бүхэн баярлах мэдрэмжийн үр. Хаа сайгүй хар, бараан мэдээлэл “хөглөрч”, хөшүүн хүйтэн харилцаа сэтгэл өвтгөх ч тэр бүхнийг ялан дийлэх сайхан хүний тухай сайн мэдээг уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн гурав хоногийн турш зөвхөн түүний тухай бичих хүслийг ориглуулан баярлуулсан энэ эрхэм бол Д.Одсүрэн. Тэрбээр Холбооны бүгд найрамдах Герман улсын “Theater and Philarmonie Thuringen“ театрын гоцлол бүжигчин. Энэ театр нь Германдаа манайхаар бол Дуурь, бүжгийн эрдмийн театр аж. Д.Одсүрэн уг театрт сүүлийн таван жилийн турш гоцлол бүжигчнээр ажиллаж, саяхан Германы Засгийн газраас нэгэн баярлам саналыг хүлээж авсан нь Герман улсын иргэн болох тухай аж.

Үүнийг уншаад олон хүн гайхаж мэднэ. “Өөр улсын иргэн болох урилгад баярлаад байхдаа яах вэ дээ” гэж. Тэгвэл, уучлаарай. Монголын бүжигчний ур чадварыг ихэмсэг германчууд үнэлж, хүндэтгэн өөрийнх нь эх орон түүгээр дутаж байгааг мэдсэн байна шүү дээ. Сонгодог урлагийн өлгий болсон Европ тивд Д.Одсүрэн гэдэг балетчин өөрийн гэсэн гал голомт, үнэ цэн, үнэлэмжтэй болчихож.

Та бод доо, Герман улс хэний эх орон билээ. Хэн тэнд сонгодог урлагийн гайхамшигтай бүтээлүүдээ туурвиж, улс орныхоо нэрийн хуудас болсон мөнхийн амьдралыг оллоо. Иоганн Себастьян Бах, Людвиг Ван Бетховен, Роберт Шуман… Тэд Германд мэндэлсэн. Германы сонгодог урлагийн төлөөлөгчид дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болдог.

Тийм учраас Д.Одсүрэн гэх балетчин залууд Германы Засгийн газар “Манай улсын иргэн болж, манай нэрийн өмнөөс тайзнаа бүжиглээч” гэх санал тавьсанд нь бахархаад ханашгүй.

Та бидний төсөөллөөр бол зөвхөн алдар хүндтэй тамирчдыг л бусад улс орон “Манай улсын иргэн болооч” гэж гуйдаг байсан. Гэтэл тэр бүх дуулиан, шуугиант мэдээллийн цаана балетчин залуугийн бахархам түүх нуугдаж үлдэх вий гэсэндээ сэтгэл эмзэглэх шиг. Учир нь балет гэдэг жинхэнэ утгаараа гоо сайхан, гоо зүй, тэсвэр хатуужил, ёс суртахуун юм. Нандин эрхэмсэг, эгэлгүй тансаг урлаг юм. Магадгүй европчуудын хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхалтай бүтээлүүдийн хамгийн онцгой нь ч байж мэднэ. Үүнтэй маргах аргагүй бөгөөд тэдний дунд гоцлол бүжигчнээр бүжиглэж, сонгодог урлагийн тайзыг нь эзэгнэж, үзэгчдэд нь бишрэм сэтгэгдэл төрүүлнэ гэдэг бүр ч гайхамшигтай.

Хөгжим бүжгийн коллежийн босгыг арван настайдаа ээжийнхээ гараас хөтлөн давж гишгэсэн Д.Одсүрэнгийн багш нь Л.Сарантуяа. Тэрбээр түүний талаар “Манай сургууль мэргэжлийн чиглэлээр хичээллэдэг байсан болохоор өглөөний найман цагаас оройны 18 цаг хүртэл хичээллэдэг байлаа.

Харин Д.Одсүрэн ганцаараа өглөө эрт долоон цагт сургууль дээрээ ирчихсэн хичээл орохыг хүлээгээд бэлтгэлээ хийгээд сууж байдаг байсан. Орой ч гэсэн адилхан. Хүүхдүүд хичээл дуусаад гэр рүүгээ явахад Д.Одсүрэн маань мөн л ганцаараа бэлтгэл хийгээд үлддэг байсан юм” гэж дурсаж байлаа. Энэ бол түүний зорилгоо зөв тодорхойлж, түүндээ үнэнч байсных нь баталгаа.

Ердөө л арван настайдаа “Би бүжигчин болно” гэдэг шийдвэрийг гаргаж, Баянхонгор аймгаас хотод суралцахаар ирэхдээ тэрбээр ангиасаа ганцаараа дотуур байранд орсон гэдэг. Ингэж багын сонирхлоо ажил мэргэжил хийгээд амжилт болгож чадсан тэрбээр өөрийн мэргэжил болоод сонголтынхоо талаар “Балетийн урлагаар хичээллэнэ гэдэг миний хувьд  нулимсаа хатуужлаар сольсон амжилт байсан юм” хэмээн дүгнэсэн удаатай. Тэгвэл тэрхүү амжилтыг нь илэрхийлэх бас нэг үзүүлэлт нь Германы “Оскар”.

Өнгөрсөн онд Германы Дюссэлфорд хотын Опера хауст болсон дэлхийн сонгодог урлагийн одод хийгээд гоц авьяастнуудын гала тоглолтод оролцох үеэрээ тэрбээр Герман улсдаа “Оскар”-ын шагналтай дүйдэг “Theater Oskar” шагналын эзэн болсон. Дэлхийн хэмжээнд үнэлэгддэг балетийн бүжигчдээс онцгой нь байж чадсан учраас тэр.

Үүнийх нь дараахан Германы Засгийн газар Д.Одхүүд улсынхаа сонгодог урлагийн нүүр царай болгох санал тавьсныг нь дахин, дахин бичээд ч залхамгүй. Гол нь тэрбээр Германы Засгийн газарт “Үгүй” гэдэг хариултыг өгч. Гайхалтай биш гэж үү. Сонгодог урлагаа спортын амжилтаас доор үнэлдэг эх орондоо тэр хайртай юм байна шүү дээ. Яваагүйд нь, эх орноо орхиогүйд нь баяр хүргэе. Үүнийг нь түүний  “Эх орондоо ирж бүжиглэнэ ээ. Залуу хүний хувьд тодорхой хугацаанд амжилтаа бататгаж, хилийн чинадад бүжиглэх бодол бий. Гэхдээ удаан биш” гэх үг батална.

Иймээс л түүний амжилтаар, түүний ур чадвараар бахархаад ханашгүй. Төгсгөлд нь түүний “Хамгийн гол нь өөрөө хийх гэж буй зүйлдээ чин сэтгэлээсээ сонирхолтой байж түүнийхээ төлөө явж, өөрийгөө дайчилж чадах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ айх бус харин ч хайртай, дуртай байгаад үз. Тэгвэл чи тэр зүйлээсээ хайр эргүүлж авч оргилд нь хүрэх болно” гэсэн зөвлөгөөг уншигч танд хүргэе.

Авьяас чадвар нь ихэмсэг Германыг сөхрүүлсэн ийм нэгэн залуугийн ерөөл буян нь дэлгэрч, дэлхийд Монголыг сурталчлах тод өнгө байж чадсан түүх нь улам бүр арвижиг ээ.

Г.Отгонжаргал

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …